Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзан, аймгийн Нэгдсэн эмнэлэгт автомашин, тоног төхөөрөмж гардууллаа.
Уулзалтын үеэр тэрбээр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулжээ. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ 7,000 ам.доллар давсан бол гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая гаруй мод тарьж, ургуулсан бөгөөд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснийг онцолсон байна.

Сэлэнгэ аймгийн хувьд 33.6 сая мод тарьж ургуулсан бөгөөд нэг га-гаас 18.9 центнер ургац хураан авч, атрын 67 жилийн хугацаанд түүхэн амжилт үзүүлэх төлөвтэй байгааг дурджээ.

Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сэлэнгэ буудай” компанийн захирал М.Шинэчулуунд Гавьяат механикжуулагч, Сүхбаатар сумын гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаад Гавьяат багш цол хүртээж, бусад эрхмүүдийг төрийн одон, медалиар шагнасан байна. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой уулзаж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон автомашин болон эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
