АНУ-ын завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд хяналтаа алдсаны дараа Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанд албан тушаалын халаа сэлгээ хийх тухай мэдээлэл гарах болжээ. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарыг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй гэх мэдээлэл гарсан ч Цагаан ордон үүнийг няцаасан байна.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Бүгд найрамдах намын сонгуулийн ялагдалд Ираны дайн, түүний эдийн засагт үзүүлсэн нөлөө чухал хүчин зүйл болсон гэж үзэж байгаа аж. Ялангуяа Ираны дайныг удирдсан Батлан хамгаалахын сайд Пит Хегсэтийн үүрэг, гаргасан шийдвэрүүдэд намын зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж эхэлжээ.
Тухайлбал, Бүгд найрамдах намын төлөөлөгч Томас Мэсси ирэх долоо хоногт Пит Хегсэтийн эсрэг импичментийн санал хураалт явуулах санаачилгаа Конгресст дахин хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Пит Хегсэт өөрийн цахим хуудсандаа байршуулсан видео мэдэгдлээрээ өөрийгөө өмгөөлж, "Харж байгаачлан тэд над руу дайрч байна. Бид үр дүнтэй ажиллаж байгаа учраас дайрч байна. Бүтэхгүй дээ. Бид ухрахгүй" хэмээн мэдэгджээ.
Мөн Д.Трамп ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр ABC News-т өгсөн ярилцлагадаа Хегсэтийг огцруулах тухай санал, хүсэлтүүд ирж байгааг хүлээн зөвшөөрсөн ч түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах бодолтой байгаагаа хэлжээ. Мөн Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа "Пит Хегсэт гайхалтай ажилласан" хэмээн түүний ажлыг сайшаасан байна.
Үүний зэрэгцээ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж магадгүй гэх мэдээлэл ч гарчээ. Гэвч Рубио арваннэгдүгээр сарын 5-нд The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа уг мэдээллийг няцааж, "Ерөнхийлөгч Трампын бүрэн эрхийн хугацаа дуустал түүнд ажиллах нь миний анхнаасаа төлөвлөсөн зүйл" гэж хэлсэн байна. Түүнчлэн "The Washington Post" сонинд мэдээлснээр, Трамп Жанжин штабуудын нэгдсэн хорооны дарга генерал Дэн Кейн болон АНУ-ын Төв командлалын командлагч, адмирал Брэд Купер нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ч авч хэлэлцэж байж болзошгүй аж. Тэд Ираны дайны үеэр цэргийн ажиллагааны талаар Ерөнхийлөгчид зөвлөгөө өгч, шийдвэр гаргахад оролцсон гол албан тушаалтнууд юм. Гэхдээ одоогоор дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх талаар Цагаан ордноос албан ёсны шийдвэр гаргаагүй байна.
Эх сурвалж: BBC