Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс эхний асуудал болох 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 573 арга хэмжээний биелэлтийг танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 95.1 хувьтай байна. Тодруулбал, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын ажил 86.6 хувь, цэвэрлэгээ, засвар, нөхөн сэргээлтийн ажил 96 хувь, үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, засвар шинэчлэл 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл 98 хувь, эрүүл мэндийн салбарынх 93 хувьд хүрчээ. Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын хүртээмж, сургууль, цэцэрлэгийн дулаан хангамж, эрүүл мэндийн байгууллагуудын томуу, томуу төст өвчний үеийн бэлтгэл болон нийтийн тээврийн үйлчилгээний асуудлыг хөндсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 446 цэгээр борлуулахаар бэлтгэл хангасан гэв. Түүнчлэн Зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1,400 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадлын хүрээнд батлагдсан графикийн дагуу ажиллаж байгаа аж. Энэ жил 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн бөгөөд агаарын чанарын үзүүлэлт өмнөх үеэс 10-15 хувиар буурсан гэдгийг онцоллоо.

Харин томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 290 мянган хүүхдийг вакцинжуулж, хамрагдалт 90 гаруй хувьд хүрсэн байна. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэх үед өвчтөнүүдийг коридорт хэвтүүлэхгүй байх зорилгоор 1,600 гаруй ор нэмж бэлтгэжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд арваннэгдүгээр сарын 8-наас арванхоёрдугаар сарын дуустал уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна.

Мөн энэ жил нийслэлийн есөн дүүрэгт нийт 2,100 камер нэмж байршуулахаар төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгааг холбогдох албаны төлөөлөл мэдээлэв.

Нийтийн тээврийн үйлчилгээний талаар төлөөлөгч Ж.Сандагсүрэн өглөө, оройн оргил ачааллын үеэр автобусны хүрэлцээ муу, иргэд удаан хугацаагаар хүлээх нөхцөл үүсэж байгааг хөндөж, автобусны тоо, гаралтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ. Үүнд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн нийслэлийн нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 1,173 автобус үйлчилгээнд гарч байгааг мэдээлэв. Мөн зорчигчдын ачаалал ихтэй 13 чиглэлд 20 автобус нэмж, цаашид нөхцөл байдалтай уялдуулан автобусны гаралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэв.