Кубад АНУ-аас учирч болзошгүй цэргийн аюулд бэлтгэж эхэлжээ

Кубад АНУ-аас учирч болзошгүй цэргийн аюулд бэлтгэж эхэлжээ

АНУ цэргийн ажиллагаа явуулж болзошгүй байгаатай холбоотой аюулд Кубын эрх баригчид нухацтай хандаж байгаа ба улс орноо хамгаалахад ард иргэдээ тогтмол бэлтгэж байна гэж НҮБ-д суугаа тус улсын Байнгын төлөөлөгч Эрнесто Соберон Гусман мэдэгджээ.

“Бид энэ асуудалд маш нухацтай хандаж байна. Тийм ч учраас, тухайлбал, ард түмнээ бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бэлтгэх зорилгоор долоо хоног бүрийн баасан гаргийг батлан хамгаалах бэлтгэлд зориулж байна. Бид цэргийн ажиллагааг оролцуулан ямар ч хувилбарт бэлэн байх ёстой" гэж дипломатч хэллээ.

Түүний хэлснээр, Кубын удирдлага тус улсын эсрэг хүч хэрэглэж болзошгүй тухай АНУ-ын өндөр албан тушаалтнуудын хийсэн мэдэгдлүүдийг анхааралдаа авч байгаа аж. Түүнчлэн улс оронд нь учирч буй аюулыг үнэлэхдээ сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд явуулж буй АНУ-ын засаг захиргааны үйл ажиллагааг харгалзан үзэж байгааг дипломатч онцолжээ. “АНУ-ын одоогийн засаг захиргааны үед дээд удирдлагуудынх нь зүгээс Кубыг эзлэн авч, бөмбөгдөж, устгахад бэлэн гэсэн мэдэгдлийг ганц хоёр бус, олон удаа ил тод хийсэн. Ийм мэдэгдэл нь ийм аюулд нухацтай хандах бас нэг чухал шалтгаан болж байна” гэж тэрбээр цохон хэлсэн байна. Хоёр улсын цэргийн чадавх харьцуулшгүй ялгаатай тул Куба улс батлан хамгаалах чиглэлээр ард иргэдээ бэлтгэхэд түшиглэхээс өөр аргагүй байгааг Байнгын төлөөлөгч тэмдэглэжээ.Үүний сацуу тэрбээр сөргөлдөөн үүсгэх нь Кубын зорилго биш гэдгийг онцолсон байна. Улс төрийн зөрчил байсаар байгаа боловч Кубын эрх баригчид юуны өмнө АНУ-тай харилцаагаа хэвийн болгож, харилцан хүндэтгэлд тулгуурласан яриа хэлэлцээ өрнүүлэх сонирхолтой байгаа аж.