ТББХ: Иргэд орон нутгийнхаа асуудлаар цахимаар нийтийн өргөдөл гаргах боломж бүрдэнэ

ТББХ: Иргэд орон нутгийнхаа асуудлаар цахимаар нийтийн өргөдөл гаргах боломж бүрдэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.11/ хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүн 2026 оны зургаадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлд иргэд орон нутгийнхаа асуудлаар цахим хэлбэрээр нийтийн өргөдөл санаачилж, гарын үсэг цуглуулах, шаардлагатай тооны дэмжлэг авсан тохиолдолд тухайн асуудлыг ИТХ, ИНХ-аар хэлэлцүүлэх зохицуулалт тусгажээ.

Тодруулбал, нийтийн өргөдөл цахим талбарт 30 хоног байрших бөгөөд нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн эрх бүхий хүн амын 3 хувь, аймаг, сум, багт 5-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд холбогдох хурлаар хэлэлцүүлэхээр тусгасан байна.

Иргэд тоон гарын үсэг болон E-Mongolia, DAN системээр дамжуулан өөрийгөө баталгаажуулж, өргөдөлд гарын үсэг зурна. Харин нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт хамааралгүй, хувийн асуудлаар гаргасан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй холбоотой, улсын аюулгүй байдал болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан өргөдлийг хүлээн авахгүй байхаар зохицуулжээ.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын тайлбарласнаар, иргэд газар олголт, дахин төлөвлөлт, авто замын тохижилт, тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хог хаягдлын тариф, орон нутгийн татвар, хураамжийн нэмэгдэл зэрэг асуудлаар УИХ-ын цахим өргөдлийн платформд хандаж байгаа нь орон нутгийн түвшинд ийм механизм шаардлагатайг харуулж байна. Хуулийн төсөл батлагдвал нийтийн өргөдлийг цахимаар хүлээн авах үлгэрчилсэн журмыг Засгийн газар баталж, системийн техникийн шаардлага, баталгаажуулалт, хэлэлцэх хугацаа болон ил тод байдлын механизмыг нарийвчлан зохицуулах аж.