Гамшгийн үед улсын нөөцөөс бараа, материалыг Засгийн газрын шийдвэргүйгээр шуурхай гаргах хуулийн төслийг дэмжлээ

Гамшгийн үед улсын нөөцөөс бараа, материалыг Засгийн газрын шийдвэргүйгээр шуурхай гаргах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.11/ хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 57.9 хувийн саналаар дэмжлээ.

Засгийн газраас өнгөрсөн аравдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд гамшиг, ослын үед шаардлагатай бараа, материалыг шуурхай гаргах, орон нутгийн нөөцийн удирдлагыг сайжруулах зэрэг долоон үндсэн чиглэлийн өөрчлөлт тусгажээ. Тухайлбал, одоогийн зохицуулалтаар гамшиг, ослын үед улсын нөөцөөс бараа, материал гаргахад шийдвэр гаргах үйл явцад цаг хугацаа алддаг хүндрэл бий. Харин хуулийн төсөлд Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр нөөцийн бараа, материалыг шуурхай гаргах зохицуулалт тусгажээ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх чиг үүргийг хуулиар нарийвчлан баталгаажуулахаар тусгасан байна.

Түүнчлэн улсын хэмжээнд стратегийн, гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалын мэдээллийг нэгтгэсэн цахим мэдээллийн сан бий болгож, нөөцийн хүрэлцээ, чанарт бодит цагийн горимд хяналт тавих боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Агуулахын дэд бүтцийг сайжруулах хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинээр агуулах барих, өргөтгөх, засварлахын зэрэгцээ ашиглагдаагүй сул багтаамжийг түрээслэн орлого бүрдүүлэх боломжийг мөн тусгасан байна. Хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.