Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ 10:00 цагт эхэлж, 18:00 цагт дууслаа.
Урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Б” танхимд болсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Улмаар шүүгч Д.Шинэхүү Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарлаж, зөрчсөн гэж үзсэн байна. Тухайлбал, хэргийн материалтай бүрэн танилцах боломж олгоогүй гэж дүгнэжээ.
Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг тендерийн аль шатанд, хэзээ хийлгэх ёстой байсан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн байна. Түүнчлэн Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарыг өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар нөлөөлсөн гэх асуудлыг тогтоохын тулд Үнэлгээний хорооны гишүүдийг заавал оролцуулж, холбогдох нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэжээ. Хэрэгт нийт 2 тэрбум 486 сая 484 мянган төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, уг мөнгийг гаргуулан улсын орлого болгохоор тусгасан байна. Гэвч хууль бусаар олсон гэх орлого буюу орон сууц, автомашин, автозогсоол зэрэг хөрөнгийн үнэлгээг тогтоох шаардлагатай гэж шүүх үзлээ.