Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 17-ны өдрийг хүртэл хойшиллоо

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 17-ны өдрийг хүртэл хойшиллоо

Нийслэлийн прокурор газрын хяналтын прокуророос эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шүүгдэгч Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарыг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Тавинбэхийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дараах үндэслэлээр хойшлуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Тавинбэхийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Р.Дагданы өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганбаяр нараас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарган, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Мөн иргэний хариуцагч Б.Зулцэцэг шинээр өмгөөлөгч авсантай холбоотойгоор өмгөөлөгч А.Энхтүвшинээс шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар өмгөөлөгч нар хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдаанд ирээгүй, мөн өмгөөлөгч нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан нь хуралдаан хойшлуулах үндэслэлд хамаарч байх тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааны товыг тогтооход талуудын санал, хүсэлтийг харгалздаг нь шүүх хуралдаан удаа дараа хойшлохгүй байх, оролцогч талууд ажлаа зохицуулан төлөвлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүйгээр удаашрахгүй байх агуулгатай зохицуулалт болно. Улмаар талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааныг 2026 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт товлов.