Саудын Арабын мэдээлснээр, хуситууд нийслэл Эр-Рияд хотын санхүүгийн дүүрэгт байрлах өндөр барилгад цохилт өгчээ. Халдлагаар “материаллаг хохирол” учирсан ч хүний ​​амь нас эрсдээгүй байна.

Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сан (PIF)-ийн төв байр болох тус улсын хамгийн өндөр тэнгэр баганадсан барилга руу халдсаны улмаас уг барилга болон ойролцоох бусад барилгууд эвдэрч сүйдсэн гэж мэдэгдэв. Өмнө нь Саудын Араб тэргүүтэй эвсэл нийслэл болон өмнөд бүс рүү чиглүүлсэн пуужингуудыг замд нь устгасан гэж мэдээлсэн бөгөөд нийслэлд хүчтэй дэлбэрэлтийн дуу сонсогджээ. Саудын Арабын Гадаад хэргийн яам өндөр барилга зэрэг иргэний объектууд руу хийсэн хуситуудын халдлагыг буруушаажээ. X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ тус улс “бүрэн эрхт байдлаа хамгаалах, үндэсний өмч хөрөнгөө хамгаалах, иргэд болон оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах хууль ёсны бөгөөд бүрэн эрхтэй гэдгээ баталж байна” гэжээ. Үүнээс өмнө Саудын Араб тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Турки аль-Малики X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ Эр-Рияд руу чиглүүлсэн хуситуудын пуужингийн аюулын эсрэг цэргийн хүч хариу арга хэмжээ авсан гэж хэлжээ.

Хэдэн цагийн дараа тэрбээр өөр нэг мэдэгдэл нийтэлж, “Бурханыг дэмжигчид” гэсэн утгатай араб нэрээр Ансар Аллах хэмээн нэрлэгддэг зэвсэгт бүлэглэл болох хуситууд өмнөд бүс рүү чиглүүлсэн дөрвөн баллистик пуужинг агаарын довтолгооноос хамгаалах хүч устгасан гэж мэдээлсэн юм. Тус бүс нь Йементэй хиллэдэг юм. Эвслийн хүчин мөн Эр-Рияд руу чиглэсэн халдлагад ашигласан баллистик пуужин хөөргөх талбайг устгасан гэж мэдэгджээ. Тэнгэр баганадсан барилгад өгсөн цохилт нь Ирантай холбоотон хуситууд Саудын Арабын нисэх буудлууд, газрын тосны байгууламжууд болон оффисын барилгуудад дрон, пуужингаар халдлага үйлдэж буй кампанит ажлын хамгийн сүүлийнх нь юм. Арваннэгдүгээр сарын 8-нд хуситууд Эр-Риядын санхүүгийн дүүрэг дэх Арамко компанийн барилга руу цохилт өгч, хэд хэдэн давхарт ил харагдахуйц хохирол учруулсан гэж мэдэгдсэн бол Саудын Арабын эрх баригчид уг хохирол нь пуужинг агаарт устгасны дараах хэлтэрхийнээс үүдэлтэй гэж тайлбарлаж байв.

Аравдугаар сард тэд зүүн хэсэгт орших Дахран хотын Арамко компанийн төв байр руу цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд гурван хүний​​хэлснээр уг халдлага их хэмжээний хохирол учруулжээ. Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, аравдугаар сард Эр-Риядын нисэх буудалд болсон халдлагын улмаас дөрвөн өдрийн хугацаанд 18 хүн амиа алдсан бөгөөд үүний 13 нь аравдугаар сарын 10-нд нас баржээ. Лхагва гарагт хуситууд Саудын Арабын хэд хэдэн объект, түүний дотор Эр-Риядын олон улсын нисэх буудал болон санхүүгийн төв, мөн өмнөд хэсэгт орших Жизан дахь стратегийн чухал байгууламж, Хамис-Мушайт агаарын цэргийн бааз руу халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн. Эдгээр газруудад аюулын сэрэмжлүүлэг зарласан байна.