Х.Нямбаатарын орлогч байсан П.Сайнзориг Канад улсыг зорьж, "экс дарга"-тайгаа уулзсан байж магадгүй байна

Х.Нямбаатарын орлогч байсан П.Сайнзориг Канад улсыг зорьж, "экс дарга"-тайгаа уулзсан байж магадгүй байна

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн анхаарал татах асуудлын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт байв.

Энэ үеэр чуулганы хуралдааны ирц ч мөн анхаарал татсан юм. Тодруулбал, дээрх өдрүүдэд болсон хуралдаанд гадаад томилолттой хэмээн мэдүүлсэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг Канад улсыг зорьсон байж болзошгүй байна. Энэ талаар эх сурвалжууд ч мэдээлж байгаа юм. Харин түүний ямар томилолтоор, аль улсыг зорьсныг УИХ-ын Тамгын газар болон гишүүний туслахаас тодруулахад тодорхой мэдээлэл өгөх хүн байсангүй.

Нөхцөл байдлыг ажиглавал П.Сайнзориг Х.Нямбаатартай уулзахаар Канад улсыг зорьсон байж болзошгүй гэх таамаг бий. Учир нь тэд улс төрийн хүрээнд олон жил ойр ажиллаж ирсэн хүмүүс юм. Тодруулбал, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа П.Сайнзоригийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулж байсан. Улмаар 2023 оны аравдугаар сард Нийслэлийн Засаг дарга болж, баг бүрдүүлэхдээ түүнийг Нэгдүгээр орлогчоороо томилсон түүхтэй. Сонирхолтой нь, саяхан БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мөн Канад улсыг зорьж, Х.Нямбаатартай уулзсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байсан юм.