Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй талаар түүний эхнэр олон нийтийн сүлжээнд ярьсныг бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэл өгөхдөө "ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан өндөр цалинтай тээврийн жолооч, тогооч зэрэг ажлын зарын цаана тухайн хүний амь нас, эрүүл мэндэд онц ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж байж болзошгүй.
ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим Монгол Улсын иргэн байгаа.
Өнгөрсөн хугацаанд ГХЯ-наас тус иргэдийг хэлний бэрхшээлээс үүдэн санамсар болгоомжгүйгээр эсвэл тулгалт шаардлага зэрэг гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан байна гэдэг шалтгаанаар тухайн байсан газраас нь татаж эх нутагт нь буцаах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн ОХУ-ын алс дорнодын бүсэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээ байгуулахаар явж байна гэх мэдээллийг ГХЯ авсны үндсэнд тус иргэнтэй консулын ажилчид уулзаж анхааруулга сэрэмжлүүлгийг өгөөд нутаг буцаасан тохиолдол ч гарч байсан" хэмээлээ.