"FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers" тэмцээний 2-р шатанд өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүн болон багийн ахлагчийг зарлах албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.23/ болж өндөрлөлөө.
Хурлын үеэр АНУ-ын NBA G лигийн "Осеола Мэжик" багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Одыг үндэсний шигшээ багийн ахлагчаар томилсныг албан ёсоор зарласан бөгөөд тэрбээр өнгөрсөн баасан гарагт эх орондоо хүрэлцэн ирж багийн бэлтгэлдээ нэгдээд байгаа юм. Тэмцээний эхний шатанд 20.5 оноо, 11.5 самбар дунджилж багийнхаа тэргүүлэгч байсан Ш.Энхийн-Од энэ удаад өргөтгөсөн бүрэлдэхүүний 17 тамирчнаас шигшэгдсэн 12 тоглогчийг удирдан талбайд гарахаар боллоо. Ахлах дасгалжуулагч Э.Ариунболдоор удирдуулсан манай шигшээ баг одоогоор F хэсэгт хоёр хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Улаанбаатар хотын M Bank Arena-д болох хоёрдугаар шатны шийдвэрлэх тоглолтууд 11-р сарын 26-ны 19:00 цагаас Индонезийн эсрэг тоглосноор эхэлж, 27-ны 19:00 цагт Хонконг (Хятад)-той, 29-ний 19:00 цагт Малайзын шигшээ багтай тус тус өрсөлдөх юм.