Суданд дроны халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, НҮБ-ын барилга гэмтжээ

Суданд дроны халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, НҮБ-ын барилга гэмтжээ

Суданы хагас цэрэгжсэн Шуурхай дэмжлэгийн хүчин (RSF)-ийн үйлдсэн гэж буруутгаж буй дрон халдлагын улмаас нийслэл Хартумын ойролцоо дөрвөн хүн амиа алдаж, НҮБ-ын барилга гэмтсэн талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд болон НҮБ-ын албаныхан мэдээлжээ.

Ням гарагийн үүрээр болсон халдлагууд орон сууцны бүсүүдийг онилжээ. Суданы агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн засгийн газрын барилга болон Хартумын нисэх буудлыг чиглэсэн дронуудын эсрэг хариу үйлдэл үзүүлсэн байна. Суданы дайнд дрон ашиглах явдал улам нэмэгдэж байгаа нь энгийн иргэд болон хүмүүнлэгийн тусламжийн ажилтнуудын аюулгүй байдалд заналхийлж байгаа аж. Онцгой байдлын тусламжийг зохицуулдаг НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газар иргэний оршин суудаг бүсэд ажилтнууд нь аюулд өртсөнийг буруушааж, үүнийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Суданы армийн эх сурвалж дронуудыг хөрш Этиоп улсын Бахир Дар нисэх буудлаас хөөргөсөн гэж мэдэгджээ. Этиоп улс Шуурхай дэмжлэгийн хүчинд өөрийн нутаг дэвсгэрээс халдлага үйлдэх боломж олгодог гэх Суданы өмнөх мэдэгдлүүдийг няцааж байсан юм. Мөн Этиопоос гаралтай гэх дроны ажиллагаатай холбоотой гомдлоо олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хариуцдаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Африк тивийн байгууллага болох Африкийн холбоонд гаргажээ.