Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах нөхцлийг хангалаа

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах нөхцлийг хангалаа

Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээллээ.

Манай улс 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход 6 үүрэг даалгавар авснаас 2020 оны 1 сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар 3 ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин энэ сарын 4-нд цахимаар үлдсэн 3 ажлаа хамгаалсан бөгөөд саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл ФАТФ-аас өчигдөр ирсэн байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ" гэв.

Мөн энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байлаа. Тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор хурлын тов одоогоор тодорхой болоогүй байна" гэлээ.

 




Өнөөдөр хулгана өдөр

26 минутын өмнө