Умард Солонгос Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэжээ

Умард Солонгос Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэжээ

Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Пёньяны эрх баригчид өнөөдөр сүрдүүлжээ. Тус улсаас дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид хоёр Солонгосын хилийг давуулан Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай суртал нэвтрүүлгийн материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг гэнэ.

Мэдэгдлийг Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон гаргасныг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулсан байна.

Тэрээр мэдэгдэлдээ “Ийм үйл ажиллагааг янз бүрийн аргаар зөвтгөж, үргэлжлүүлсээр байх юм бол Өмнөд Солонгосын эрх баригчид хатуу шийтгэл амсах болно” гэжээ.

Хоёр Солонгос 2018 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг Пёньянд айлчлах үеэр хилийн зөрчил мөргөлдөөнийг багасгах зорилгоор батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байв. Гэвч өнгөрсөн онд Ким Жон Ун, Дональд Трамп нар Вьетнамын нийслэл Ханойд уулзсаны дараа харилцаа муудаж, гэрээний ихэнх заалт хэрэгжээгүй юм.

Ким Ёо Жон мэдэгдэлдээ бас хоёр талын хамтран хэрэгжүүлж байгаа Кэсоны Аж үйлдвэрийн парк, Кумган уулын аялал жуулчлалын төслүүдийг бүрмөсөн зогсоохоор сүрдүүлсэн байна.

Пёньянаас ийм мэдэгдэл гарсны дараахан Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамнаас суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг тэмцэгчдэд уриалсан байна. Тэдний хөөргөсөн зарим бөмбөлөг хил давж чадалгүй Өмнөд Солонгосын талд унаж, тэнд амьдардаг иргэдийн ахуй амьдралд муугаар нөлөөлж байна гэж тайлбарлажээ.