Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид болон сумын иргэд гурван өдөр ажилласан ч одоогоор цурманд оруулж чадаагүй байна.
Иймд Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх 1, 2 дугаар экспедиц түймрийг унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэлжээ. Түймэр Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж байгаа бөгөөд унтраах ажиллагаанд Хилийн цэргийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогоор нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Түймрийн нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсийн www.icc.mn цахим хуудаснаас авах боломжтой. Aqua болон Suomi-NPP хиймэл дагуулын зураг 15:00 цагт шинэчлэгддэг байна. Мөн хуурайшлын улиралд ногоон бүсэд зорчиж буй иргэдийг галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.