ВИДЕО: Их Британийн амьтны хүрээлэнд барын хашаанд орсон хүн халдлагад өртөж, амиа алджээ

ВИДЕО: Их Британийн амьтны хүрээлэнд барын хашаанд орсон хүн халдлагад өртөж, амиа алджээ

Их Британийн Өмнөд Йоркшир мужийн Йоркшир зэрлэг амьтдын хүрээлэнд /Yorkshire Wildlife Park/ барын хашаанд нэвтэрсэн эрэгтэй барын халдлагад өртөж, амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тодруулбал, Өмнөд Йоркширын цагдаагийн газар өчигдөр /2026.10.10/ Донкастер хотын ойролцоох тус хүрээлэнгийн барын хашаанд хүн орсон тухай дуудлагыг орон нутгийн цагаар 13:35 цагт хүлээн авчээ.

ВИДЕО: 

Цагдаагийн мэдээлснээр, бар тухайн хүн рүү дайрсны улмаас тэрээр хүнд гэмтсэн байна. Хэдийгээр яаралтай тусламжийн багууд хэргийн газарт ажилласан ч хохирогчийн амийг аварч чадаагүй аж. Одоогоор цагдаагийн алба хаагчид хохирогчийн гэр бүлийнхэнтэй холбогдохоор ажиллаж байгаа ажээ. Осол гарсны дараа хүрээлэнгийн зочдыг нүүлгэн шилжүүлж, цагдаа нар хэргийн газарт ажиллаж эхэлжээ. Мөн тус хүрээлэн амралтын өдрүүдийн үлдсэн хугацаанд үйл ажиллагаагаа түр зогсоохоо мэдэгдсэн байна.

Тус улсын цагдаагийн байгууллагаас “Бар хашаандаа үлдсэн бөгөөд олон нийтэд учрах аюул заналхийлэл байхгүй” гэж мэдээлжээ. Түүнчлэн ослын үеэр бичигдсэн сэтгэл түгшээсэн дүрс бичлэгийг цахим орчинд түгээхгүй байхыг иргэдэд уриалсан байна. Йоркширын түргэн тусламжийн албанаас хэргийн газарт агаарын түргэн тусламжийн нисдэг тэрэг, газрын түргэн тусламжийн хоёр машин болон эмч илгээснээ баталгаажуулжээ.

Тухайн үед хүрээлэнд гэр бүлийнхэнтэйгээ зочилж байсан, Ворксоп хотын оршин суугч 39 настай Кармелле Пелхам ажилтнууд зочдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар ярьсан байна. Тэрээр “Бид лемурын хашаанд байхад ажилтнууд биднийг гарч эхлэхийг хүссэн. Дараа нь биднийг хүрээлэнгийн дотогш чиглүүлэн явуулсан. Үүний дараа хэд хэдэн удаа буудах чимээ сонсож, нисдэг тэрэг эргэлдэж байхыг харсан. Тэр үед л ямар нэгэн зүйл болсныг ойлгосон” гэжээ. Мөн барын хашааны дээгүүр том хар бүтээлэг татсан байсныг дурдсан байна. Түүний хэлснээр, хүрээлэнгийн ажилтнууд хүмүүсийг сандаргалгүй, зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлжээ.

Йоркшир зэрлэг амьтдын хүрээлэн 2009 оны дөрөвдүгээр сард нээгдсэн бол барын хашааг 2011 онд ашиглалтад оруулсан байна. “Барсуудын нутаг” /Land of the Tigers/ хэмээн нэрлэгддэг тус хэсэгт барууд ой мод, тал хээрийг дуурайлган тохижуулсан орчинд амьдрах, хүрхрээ бүхий усан санд тоглох боломжтой аж. Тус хүрээлэнд баруудаас гадна арслан, ирвэс, гепард, цагаан баавгай, хүрэн баавгай, далайн арслан зэрэг амьтад байдаг. Хүрээлэнгийн удирдлага ослын нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC