ЗГ: Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг хураана

ЗГ: Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг хураана

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.19/ мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас гаргаж хүргүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох эрх зүйн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, аймаг нийслэл, сум дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгов.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагыг нэн шаардлагатай хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн, өргөх механизмын, газрын тос, хийн хяналтын, геологи, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болов.

Монголд 1500 гаруй ШТС, хийгээр цэнэглэх станц, шатахууны агуулах үйл ажиллагаа явуулдаг байтал Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд энэ чиглэлийн 3 улсын байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн 3 улсын байцаагч хяналт тавьдаг байна. Улсын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ердөө 66 байдаг аж.