Дэлхийн биологийн түүхэнд эртнийхд тооцогдох 17 нуурын нэг Хөвсгөл нуурыг хамгаалах саналыг олон улсын байгаль хамгаалах байгууллагууд ЮНЕСКО-д хандан гаргажээ.
Байгалийн цогцолборт газар гэдэг утгаар нь хамгаалалтад авч, дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ангиллаар хамгаалалтад авахыг байгаль хамгаалах байгууллагууд хүссэн байна.
Өнгөрсөн жил Монголын нутгаар аялсан аялагчид Хөвсгөл, Өмнөговь, Төв, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрөхдөө Хөвсгөл нуурыг хамгаалалтад авах талаар саналаа нэгтгэсэн байна. Улмаар Хөвсгөл аймгийн уран бүтээлч, эгэл жирийн иргэдтэй хамтран ЮНЕСКО-д хүсэлт гаргажээ.
Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хадгалдаг Хөвсгөл нуур, түүний ай савыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулсан байдаг. Хөвсгөл нуур нь усны нөөцөөрөө Азид Байгаль нуурын дараа хоёрдугаарт ордог юм.