Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг одоогоос гурван жил гаруйн өмнө прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явагдаж, улмаар мөрдөх байгууллагаас "Гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр таван удаа хэргийг хаах саналтай ирүүлсэн. Энэ дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээж байсан юм.
Мөн үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар Т.Чимгээгийн хүсэлтээр түүнд 2 өрөө орон сууц олгох шийдвэрийг гаргаж байсан талаарх баримт ил болж, энэ нь нэг хэсэг олны анхаарлыг татсан.
Тэгвэл уг асуудлын талаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц хэвлэлд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "С.Зоригийн хэрэг илэрсэн. Мөрдөгч, гүйцэтгэх ажил, хяналт тавьж ажилласан прокуроруудын ажлын үр дүнд энэ хэрэг илэрч, гурван шатны шүүхээр энэ хүмүүст ял оноосон.
Гэтэл энэ хэргийн захиалагчийг илрүүлэх шатанд Ц.Нямдорж нарын хүмүүс гарч ирж, энэ хэргийг шоу болгосон. Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч оролцсон.
С.Зориг агсны хэргээр ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хуулийн байгууллага болон шүүхээс цагаатгаагүй. Гэтэл Нийслэлийн МАН-ын дарга, Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар хатуухан хэлэхэд алуурчинд хоёр өрөө байр олгоод тэр хүн нь өнөөдөр гудамжинд эрх чөлөөтэй, зугаалаад явж байгаа шүү дээ" хэмээн ярьжээ.
Ташрамд өгүүлэхэд, С.Зоригийн хэлээр ял шийтгэгдэж байсан Т.Чимгээд Хотын дарга асан Х.Нямбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Баянхошуу 20 айлын орон сууцнаас 39.4 кв.метр талбайтай 2 өрөө орон сууц олгох захирамж гаргаж байсан байдаг. Мөн уг орон сууцны үнийн дүн болох 128,709,398 (нэг зуун хорин найман сая долоон зуун есөн мянга гурван зуун найм) төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг даалгасан байсан байдаг юм.