УИХ-ын гишүүн Х.Баделханы бие хамгаалагчийн хутгалсан залуугийн бие хүндэрч хотод иржээ

УИХ-ын гишүүн Х.Баделханы бие хамгаалагчийн хутгалсан залуугийн бие хүндэрч хотод иржээ

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө буюу сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж дууссаны дараа Баян-Өлгий аймагт гурван залуу МАН, АН-аараа талцан зодолдож нэгнийгээ хутгалан хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна.

Хэрэг явдлыг тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы бие хамгаалагч гэх Н.Е залуу тус аймгийн Ардчилсан намын гишүүн залуу болон түүний дүүтэй аймгийн МАН-ын байрны өмнө маргалдаж улмаар хоорондоо гар зөрүүлэн, биенээ хутгалжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Баделханы бие хамгаалагч гэх залуу Ардчилсан намын залууд хандан “Танайх ялагдчихлаа. Арчаагүй юмнууд” гэх мэт үг хэлээр доромжилж эхэлсэн байна. Ингээд залуусын дунд маргаан үүсэх үед хутгалуулж хүнд гэмтсэн залууг дүү нь өмөөрч зодоонд оржээ. Улмаар Х.Баделханы бие хамгаалагч Н.Е ах, дүү хоёрыг гуя, хүзүү, цээжин тус газарт нь хутгалжээ.

-МИНИЙ АХ ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ БАЙНА-

Уг хэргийн талаар хутгалуулсан залуусын дүү Б.Муратхан “Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар Х.Баделхан гишүүний бие хамгаалагч Н.Е гэх залууг зургадугаар сарын 27-ны суллан явуулсан. Энэ залуу өмнө нь мөн ийм хэрэг хийсэн. Санаатайгаар үйлдэж буй давтан хэрэг. Ар тал сайтай бас спортын мастер зэрэгтэй болохоор нь хорихгүй суллаад явуулж байгаа юм уу. Маш их гомдолтой байна. Монгол улсын хууль үнэнч шударга бол энэ залууд зохих хэмжээний ял шийтгэлийг онож өг. Дараагийн удаа миний хоёр ахыг алах гэж дахин оролдож магадгүй. Бас өөр хэн нэгний амь насанд халдаж мэднэ. Манай гэр бүл маш их айдастай байна.

Ах минь үхэл, амьдралын заагт байна. Тэгэхэд энэ залуу инээгээд явж байна шүү дээ” гэж байр, сууриа илэрхийлсэн юм.

Ахынх нь хувьд бие нь нэлээн хүнд өчигдөр /2020.06.28/ хотод ирж эмчлүүлж байгаа аж. Харин дүүгийнх нь хувьд бие нь харьцангуй гайгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Х.Баделханы бие хамгаалагч гэх залуу фитнесийн спортоор хичээллэдэг, спортын мастер зэрэгтэй сонгуулийн үеэр хотоос Баян-Өлгийд очиж МАН-ыг дэмжин ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм.

-Ж.НАРАНБААТАР: ХАРИЛЦАН ЗОДООН БАЙСАН-

Тус аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Наранбаатараас уг хэргийн талаар тодруулахад “Уг хэрэг гарсан. Гэхдээ улс төртэй холбоогүй. Танхайн хэрэг, харилцан зодолдоон боллоо. Баян-Өлгий аймгийн цагдаа нар хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэр даруй хутгыг нь  хурааж авсан. Хутгалсан залуу ч мөн гэмтсэн. Прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн учир суллаж явуулсан. Учир нь харилцан хэн, хэн нь гэмтсэн байгаа. Хуулийн хүрээнд шалгаад явж байна. Х.Баделханы гишүүний зөвлөх гэдэг нь тогтоогдоогүй” гэсэн юм.

Харин Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Зангараас тодруулахад “Улс төрийн үзэл бодол нийлээгүйгээс болж хоорондоо зодолдсон хэрэг гарсан. Нэг нь манай намын гишүүн юм. Хутгалсан залуу нь Х.Баделханы зөвлөх биш ээ, дэмжигч нь. Х.Баделхан нэгэн суманд мөнгө тарааж байгаад баригдаад шалгагдаж байгаа. Мөнгөний сонгууль болсон гэж харж байгаа. Сонгуулийн хууль зөрчсөн олон хэрэг гарсан.” гэлээ.




Өнөөдөр бич өдөр

46 минутын өмнө