Ө.Энхтүвшин Боловсролын яамны сайд болохоор зүтгэж байна уу

Ө.Энхтүвшин Боловсролын яамны сайд болохоор зүтгэж байна уу

-МАН-ЫН ХӨГШЧҮҮЛ САЙД БОЛОХООР ГҮЙЛДЭЖ БАЙГАА АЖ -

МАН харагдаж буй шигээ нам, гүм биш байна. Харин эсрэгээрээ сайдын албан тушаалын төлөөх их “зодоон” тус нам дотор эд өрнөж байгаа аж. Сонгуулийн үр дүнд 62 гишүүний суудал авсан МАН одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ батлахад л ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно Тиймээс өнөө, маргаашгүй У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад томилж араас нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ томилох шаардлага бий.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх хэнийг аль яаманд томилохоо тохирч, уг ажлыг ерөнхийд нь жигдэлсэн байсан ч сүүлийн өдрүүдэд намынх нь хөгшчүүл гүйж орж ирээд “Бид нар сайд болно” хэмээн шахаж, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа сурагтай.

Тухайлбал, Ө.Энхтүвшин сайд болохоор Боловсролын яамыг залуустай булаацалдаж У.Хүрэлсүхийн өмнө, хойгуур гүйж буй сураг байна.

Энэ жилээс Боловсролын яамнаас соёлын салбарыг салгаж Соёлын яамыг тусад нь байгуулна. Ингээд тус салбарыг мөн л нэг хөгшин /нэр дурдсангүй/ залуустай булаацалдаж өмнүүр нь орон гүйж байгаа аж.

Энэ мэтчилэн, Ч.Улаан, Д.Дамба-Очир, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын хүмүүс залуустаа боломж олгохгүй, жонхуу зуурч яваа мэдээлэл байна. У.Хүрэлсүхийн хувьд шинэчлэл хэрэгтэй салбар учир боловсрол өндөртэй, мэддэг залуу хүмүүст нь даалгах бодолтой байгаа аж уг нь.

-Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮХЭД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР
ГАДААДАД СУРСАН Ч ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ-

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад боловсрол эзэмшсэн ч зээлээ эргүүлж төлөөгүй төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн баримт мэдээлэл өнгөрсөн өвөл хэвлэлүүдэд дэлгэгдсэн. Тэдний дунд одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүүхэд байсан билээ.

Тодруулбал, түүний хүү Э.Золбоо 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл авсан ч төлөөгүй тухай мэдээлэл зарим хэвлэлд гарч  байжээ.

Ө.Энхтүвшин нь 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаанд өөрийнхөө хүүд Боловсролын зээлийн сангаас 16.000 доллар гаргуулж гадаадад сургачихаад зээлээ төлөөгүй байна. Ийм ёс зүйтэй хүн  Боловсролын сайдад тэнцэх үү Ерөнхий сайдаа.

Нөгөөтэйгүүр Ө.Энхтүвшин бол 2000 оноос хойш тасралтгүй 20 жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажилласан хүн. Тэр бүү хэл намын даргын албан тушаалыг хүртэл хашиж ирсэн. Сүүлийн жилүүдэд тасралтгүй Шадар сайдаар ажиллаж байна. Ийм хэмжээний албан тушаалын намтартай хүн юм үзэж, нүд тайлсан юм шиг байж залуустаа боломж олгохгүй, гишгэлж  буйг юу гэж ойлгох вэ. Түүнд Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг өгөхөөр тохирсон ч тэрбээр өөрөө Боловсролын сайдад сонирхолтой байгаа бололтой.