Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын /ТӨБЗГ/ дарга Б.Ганбат ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон. Тиймээс ТӨБЗГ-ын даргыг томилох шаардлага үүсээд буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус албан тушаалд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна.
Ж.Бат-Эрдэнийн хувьд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 онд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилно гэж байсан ч томилоогүй. Харин ТӨБЗГ-ын даргаар томилохоор тохирчээ.
Дээрхээс гадна ойрын өдрүүдэд бас нэгэн томилгоог эрх баригчид хийхээр бэлтгэж байгаа аж.
Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн /АТҮТ/ дэд даргад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын дүүг томилно гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн сард АТҮТ-ийн дарга П.Дэлгэрнаранг чөлөөлж, Б.Гүрсоронзонг томилсон билээ. Харин энэ удаа дэд даргын томилгоог хийх юм байна.