У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хариуцлага нэхсэн хүн амины хэргүүд тасрахгүй нь

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хариуцлага нэхсэн хүн амины хэргүүд тасрахгүй нь

Одоогоос яг нэг жил хагасын өмнө Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, 2017 оны аравдугаар сарын 14-д У.Хүрэлсүх гардаж байлаа. Тэрбээр Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна...” гэх үгийг нийгэм тэр чигтээ сэрдхийж, бас зоригтой ажиллах нь гэж талархан хүлээн авч байв.

Ингэж гарч ирсэн Ерөнхий сайдын засаг тэргүүлсэн нэг жил хагасын хугацаанд Монгол Улсад сайн сайхан гэхээс саар үйл явдлууд шилээ даран тасралтгүй гарлаа. Хулгайтай, аллагатай, хар тамхитай, хариуцлага алдсан ослуудтай салбарыг тэргүүлсэн сайдаар тодорч магадгүй нь. Ард түмэн айдастай, авлигачид пээдгэр байна. Харин төрийн тэргүүнд гарчихсан тэд “Урсгал ажил, өдөр тутмын үйл явдал, цаг зуурын пи ар”-аас өөр дорвитой ажил хийсэнгүй гэдэг үнэлгээг ард түмнээсээ аваад байгаа. Өөрсдийгөө “Ардын” хэмээн нэрлэсэн түүний багийнхан засгийн толгойд гарахдаа мордохын хазгай болжээ. Учир нь болж бүтэхгүй үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байгаа юм.

Тухайлбал, банк дампууруулах замаар Эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн 300 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэв. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн мөнгийг хумсалж ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг өөрсдийн компанидаа авсан сайд нар одоогийн Засгийн газарт харъяалагдсан хэвээр сууна. Улс орныхоо нэрийг гадаадад сурталчлах, төлөөлөх учиртай консулууд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гээд тоочих асуудал олон байна.

Хамгийн хачирхалтай нь, албан үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс амиа алдах тохиолдлууд, хариуцлага нэхсэн хүний амины хэргийн жагсаалтууд таралтгүй хөвөрч байгаад гайхах хүн олон байгаа юм. Тэдний амь нас ажлын байрны аюулгүй байдал, хариуцлагын асуудалтай шууд холбогддог. Тухайлбал, төрийн захиргааны албан өрөөнд аллага гарч, төрийн чанга хамгаалалт хуульч нь, төрийн онцгой объектод парламентийн гишүүн нь ч амиа алдсан билээ. Ер нь урьд хожид байгаагүй сонин үзэгдэл тохиож байна гэхэд болно.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа аваад арав хоносон даруйд буюу 2017 оны аравдугаар сарын 24-ний өдөр Отгонтэнгэр хайрхан ууланд 17 уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулсан билээ.

-2018 оны 06 сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонын нутаг дэвсгэрт орших “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд тоглож байсан есөн настай хүүхэд тогонд цохиулж амиа алдсан.

-2018 оны 07 сарын 05-нд Налайх дүүргийн VI хороонд долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулж нас барсан.

-2018 оны 08 сарын 09-ний өдөр Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга согтуугаар нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарав. ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г зодож хөнөөсөн балмад явдал болсон юм. Одоог хүртэл уг хэргийг үйлдсэн этгээдийг шүүх хурал хойшилсоор, хэрэг дэнслэгдээгүй байна.

-2018 оны 10 сарын 15-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан ажил үүргээ гүйцэгэж яваад амиа алдсан. Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтсаны улмаас үхэлд хүргэсэн билээ.

-Зөвхөн он гараад л зэвсэгт хүчний ангийн хоёр албан хаагч амиа алдав. Төрийн хамгаалалт дор байсан цэрэг бусдын гарт амиа алдах нь энх цагт дэндүү эмгэнэлтэй үйл явдал юм. Тухайлбал, 2019 оны 01 сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг амиа алдсан. Талийгаачийн үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэж албаныхан мэдэгдсэн ч зодуурын ул мөр үлдсэн зураг сошиал сүлжээнд тархаж олон нийтийн дунд маргаан үүсгэсэн.

-2019 оны 01 сарын 30-нд Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон гэгдэж байгаад хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Тувад  амиа алдсан байдалтай олдсон. Үүний учир байдал одоо хүртэл тайлагдаагүй байна. 

-2019 оны 02 сарын 24-нд Цагдан хорих байранд хоригдож байсан сэжигтэн, бүр тодруулбал Монгол Улсын гавьяат хуульч хүн амиа алдсан нь монгол төрийн хамгаалалт, хариуцлагын асуудал суларсаны хамгийн тод жишээ болсон. 

-2019 оны 02 сарын 28-нд Зэвсэгт хүчний албан хаагч энэ салбарын томоохон албан хаагчийн хувийн хаусыг засварлах ажилд дайчлагдаж яваад золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарав.

-2019 оны 02 сарын 28-нд Төв аймгийн Заамар сум Хайлаас багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "ЭКО АЛТАН ЗААМАР" ХХК-ийн уурхайд осол гарч, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл тус компанийн тусгай лицензийг цуцлаагүй одоо ч үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. 

-2019 оны 04 сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжийн дөрвийн дөрвөн ажилтан метан хийнд хордож ухаан алдахдаа лаганд унаж, амиа алдсан.

-2019 оны 05 сарын 17-нд төрийн онцгой обьект болох төрийн ордонд УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр, ордны хоёр давхрын гонхноос унасан байдалтайгаар амиа алдсан байсан бөгөөд Ардчилсан намын зүгээс гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдэж ОУПХ-нд хандаад байгаа билээ.

-2019 оны 06 сарын 04-нд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр ажилтан худагт унаж, амиа алдсан харамсалтай хэрэг хамгийн сүүлд гараад байгаа юм.

Дээрх жагсаалт нь Засгийн газрын гишүүд нь улсаа тонож дээрэмдэн, авлига албан тушаалын хэрэг наймаалцаад завгүй байх зуур салбар бүрт ард түмний алтан амь үрэгдсээр байгаагийн эмгэнэлт дүр төрх. Харамсалтай нь, салбар хариуцсан сайдууд нь уучлалт гуйгаад хариуцлага хүлээх нь битгий хэл сандал ширээнээсээ тас зуурч чимээгүй суудаг. Асуудал намжсаны дараа том том сэдэв ярьж, гарч ирцгээдэг тактиктай явсаар ирсэн билээ.   

Иргэд амиа алдсан хэрэгтэй холбогдуулж Засгийн газар УУЧЛАЛТ гуйх нь зөв үү

Нийт: 5 саналтай