Н.Энхбаяр: Байгалийн баялгийг ард түмний мэдлээс гаргаж буйг эсэргүүцэж байна

Н.Энхбаяр: Байгалийн баялгийг ард түмний мэдлээс гаргаж буйг эсэргүүцэж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал солилцсон. Эрх баригчдын Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт нь нийгэмд тулгарсан асуудлыг шийдэж чадахгүй гэж тухайн үед УИХ-ын даргад хэлсэн. УИХ-д суудалтай, суудалгүй нам болон улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөн, ард түмний хэлэлцүүлэг, санал асуулгыг явуулж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт хүн бүрт үр, өгөөжөө өгөх ёстой. Тэгэхийн тулд онолын дагуу, сайн судалгаатай ажиллах ёстой. Эрх баригчдын оруулж ирсэн төсөлд байгалийн баялаг, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдэх тодорхой шийдэл алга” гэлээ.

Цашлаад “Одоогийн хийж байгаа төсөл болон манай намын дэвшүүлж буй санал хоёрыг ард түмэн мэргэн ухаанаараа ялган салгаж, тунгаана гэдэгт итгэлтэй байна” гэв.

-БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ТӨР БИШ, АРД ТҮМЭН ЭЗЭМШИХ ЁСТОЙ-

Мөн “Байгалийн баялгаа яахаа шийдэх хэрэгтэй байна, бид 27 жил бухимдлаа. Ард урд нь ямар ч гоё үг бичээд тэр шийдэл болж чадахгүй. Байгалийн баялгийг төр биш, ард түмэн эзэмших ёстой. Гэтэл Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр байгалийн баялгийг төр мэдэлдээ авах гэж байна. Байгалийн баялаг бол ард түмний өмч юм. Түүнээс эрх баригчдын өмч биш.Энэ мэт засч залруулах асуудал их байна” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ