АН-ын зөвлөл: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг хойшлуулахыг шаардаж байна

АН-ын зөвлөл: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг хойшлуулахыг шаардаж байна

УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ мэдээлэл хийлээ. Тус зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өргөтгөсөн хурал хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон аж.

Улмаар АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой хэмээн үзэж улмаар Ерөнхийлөгчид ханджээ. Тодруулбал, Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч, албан хүсэлт хүргүүлсэн байна.

Тус хүсэлтэд "Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран сандран хууль зөрчин өргөн мэдүүлж, мордохын хазгай болсон төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, иргэдийн хүсэл зориг, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, уг асуудлаар улс төрийн бүхий л намуудын зөвшилцөлд хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье" гэжээ.

Энэ тухай АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх, хууль тогтоох, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа байх ёстой. Гэтэл хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулсан байна. Төрийн албаны гарах хаалгыг хаасан байна. Орох босго өндөр байх ёстой. Гэтэл тэр шалгуурт биш гарах хаалгыг хаасан заалт оруулсан байна. Өнөөдрийн бий болгосон хариуцлагагүй, чадваргүй төрийг хамгаалах болсон заалтыг оруулсан байна. Нэгдүгээрт, иргэд эцэг хуульд чухам ямар өөрчлөлт оруулах гэж байгаа тухай мэдээлэлгүй байна. Хоёрдугаарт, төрийн эрхийг булхай луйвраар авсан эрх бригчид Үндсэн хуульд гар хүрэх ёсгүй гэсэн хоёр байр суурьтай байгаа нь харагдсан” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ, “МАНАН мафи бүлгийн зарим гишүүнийг урвуулаад байхгүй болгосон. Хэрэв бүлэг болсон бол завсарлага авч, дүгнэлт унших боломжтой болох байсан. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж байна. Агуулга талаасаа өөрчлөлт байхгүй байна” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө