НАМЗХ дахин сэргэлтийн мөчлөг дээр ирлээ

НАМЗХ дахин сэргэлтийн мөчлөг дээр ирлээ

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн болон Удирдах зөвлөлийн гишүүдэд холбооны VI Их хурлыг энэ сарын 8-нд зохион байгуулах үүрэг өгчээ. 1997 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй НАМЗХ нь дөрвөн жил тутамд Их хурлаа хуралдуулж, төлөвлөгөөгөө гарган ажилладаг уламжлалтай. Өнгөрсөн 2015 оны зургадугаар сарын 20-нд V Их хурлаа зохион байгуулж, дүрэмдээ тодорхой өөрчлөлт оруулж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон байдаг. Үүний дагуу өнгөрсөн сарын 20-нд НАМЗХ-ны VI Их хурлыг зохион байгуулах товтой байв. Гэвч тодорхгүй шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хурлаа хийж чадаагүй тул өнгөрсөн пүрэв гарагт 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар МАН-ын генсек Д.Амарбаясгаланд Их хурлыг 2019 оны долдугаар сарын 9-нд хуралдуулах шаардлага хүргүүлсэн юм.

Тэгвэл шаардлага хүргүүлсэний маргааш генсек Д.Амарбаясгалан холбооны бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах болон Их хурлыг энэ сарын 8-нд хуралдуулах үүрэг өгчээ. Тиймээс НАМЗХ-ны VI Их хурал ирэх даваа гарагт болох нь.