УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сард Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унаж амиа алдсан.
Түүний нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас одоог хүртэл шалгаж байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өндрөөс унаж, их хэмжээний бэртэл авсны улмаас амиа алдсан гэж байгаа юм.
Түүний 49 хоног маргааш болно.
Түүний дүү Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг дурдатгал бичжээ.
ТЭРБЭЭР "Хамгаас хайрт ганц АХ минь хорвоогоос цаг бусаар одож яг өнөөдөр хорвоогийн 47 хоног өнгөрчээ. Энэ хэдэн өдрүүдэд уй гашууд умбаж, эмгэнэн гашуудаж, өр зүрх эмтэрч, өөрийн ухаанаа сэхээж нэг сэрж, нэг унаж, нэг урагшлуулж, нэг явсаар өнөөдрийн өдрийг угтлаа даа.
Хорвоогийн мөнх бусыг ойлгодог мөртлөө цагаа болоход ямар аймшигтай болохын зовлонг хангалттай үзлээ бид. Даанч харуусаад барахгүй юмаа.
Миний ах эгэлгүй сайхан, хосгүй ховор, дахин давтагдахад цаг хугацаа орох дэндүү бүр дэндүү хайрлам, хүний хайлан сайхан ах минь байсан. Хайрлан бодох тусам ахаараа би бахархаж, үгүйлэн санах бүрт элэг зүрх шархалж, энгийн мулгуу миний үг багадаад байх шиг.
2019 оны 05 дугаар сарын 17-ны тэр өдөр ах минь ажлаа л хийж эрч хүчээр дүүрэн цэнэгтэй, инээд баясал тодруулаад Төрийн ордондоо орсон боловч даанч амьд гарч ирж чадсангүй үүрд биднийгээ орхилоо доо...
Юутай харамсалтай, юутай хэцүү хагацал гэж энэ вэ!!!
Төрийн тусгай хамгаалалттай Монгол Төрийн ордонд хэн хүссэн хүн нэвтэрч чаддаггүй тэр л газарт миний ах зуурдаар нас эцэслэж аав ээж, ахан дүүс, амраг хайртай хань, алаг сайхан үрс, ард түмнээсээ гэнэт салж одсон гэхэд дэндүү итгэмээргүй, учир битүүлэг, гэнэтийн хэрэг явдлыг бид маш тэвчээртэй хүлээсээр өнөөдрийг хүрлээ.
Ахыгаа санасан үгүйлсэн хоногууд үргэлжилсээр...
Төрийн хяналт, хууль хяналтын байгууллагын зөв шийдвэрийг харсаар хүлээсээр л байна. Миний ахыг бурхан болоход Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн Газар нэн хүндэтгэлтэй эцсийн замд нь үдэж өгч, хайр ивээл, харуусал нулимсаа урсгаж, үгийн дээдээр дөрөөг нь мялааж, үйлс буяныг нь цаглашгүй ихээр шагшин магтаж мянга мянган сэтгэлийн зулаа бүгд асаасан нь өнчирч зовж шаналсан бидний хагацал зовлонг нимгэлж өглөө дөө Монгол ахан дүүс минь.
Бага нас, Хужирт нутаг, Оцон цохио тоглож наадаж өссөн Хужиртын халуун рашаан, өвгөн буурал Шунхлай хайрхан минь ахтайгаа барилдаж бас маатагдаж, ахынхаа унадаг дугуй дээр сундалдаж, голын мөсөнд хамт явж, ахтайгаа дүү нартайгаа түлээ хөрөөдөж, зомгол түүж, модний артелаас үртэс хүртэл үүрдэг бас болоогүй аргал хомоол түүнэ. Ах маань тувт гэрийн гадаах ажлыг нягт хийдэг, дүү бид гэрийн доторхи ажлаа онц хийдэг, багш аав ээжтэй, зав багатай жирийн нэг сэхээтний гэр бүлд хөгшин аав, хөгшин ээжийнхээ гал хайранд ах бид 2 өсч, ажил амьдралын ухааныг бага балчир наснаас минь тэд маань өвлүүлсэн буянтнууд минь шүү дээ.
Ах минь миний амьдралын гүнд ордоггүй алс холоос чиглүүлж, зааж сургаж, үргэлж хайрлаж,халамжилж, хааяа нэг харцаараа хэлэх ярих зүйлээ төвөггүй ойлгуулж явсан сан. Би ахдаа зодуулах битгий хэл цохиулж ч явж үзээгүй хүн. Ах дандаа намайг найзууддаа бас намын журмын нөхөддөө далдуур их магтдаг байсан байгаа юм. Нүүрэн дээр бараг магтахгүй дээ тун ховор. Ахынхаа хайрыг дааж явах л үлдлээ дээ надад.
Хорвоод ахыгаа л гэж, ах минь намайг гэж амьдралынхаа сүүлийн мөч хүртэл явсан эгнэшгүй их ачийг тань хийж бүтээж явсан бас хийх гэж бодож зүтгэж явсан бүгдийг өөрийн чадлын хирээр хичээж гүйцээхийн төлөө амьдарнаа Ахаа.
Та минь төрд хэрэгтэй, түмэндээ хүндлэгдсэн, ямар их хүртээмжтэй, бусдын төлөө эгэлгүй жинхэнэ Монгол эр хүн, өмөг түшиг, сайн сайхан бүхний ноён оргил байлаа.
Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай Багшдаа таныгаа даатгаж, хойчийн буяныг айлтгаад ирсэн Ах аа🙏
Ахыгаа үүрд санана.
Та минь ахан дүүс, үр хүүхэддээ эргэж хурдан төрөөрэй
Ум сайн амгалан болтугай" хэмээн цахим хуудаснаа бичжээ.