МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа нухацтай сайн хэлэлцэх хэрэгтэй гэх саналыг хүргүүлснийг МАН-ын бүлэг хүлээн авсан байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд өөрийн саналаа тусгуулахаар судалж байна гээд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх санал ирүүлсэн. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх нэгдсэн чуулганы хуралдааныг долдугаар сарын 16-наас эхлүүлэхээр шийдвэрлэж байна. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг хуралдана. 100 орчим зарчмын зөрүүтэй санал байгаа. Энэ бүхнийг нэгтгэнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.
Тиймээс хаврын чуулганыг долдугаар сарын 5-нд хаагаад, үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг нээнэ.
Ерөнхийлөгчийн болон АН-ын ирүүлсэн санал хоёрдугаар хэлэлцүүлгээр хийгдэнэ. Зөвшилцөл, ойлголцлоор явагдах учир чуулганы хугацааг хэзээ завсарлахыг хэлэхэд хэцүү. Хоёдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтээс санал асуулга авах эсэхийг шийдвэрлэнэ" гэв.