Манай улсын 10 тамирчин, 1 баг “Токио-2021” олимпд оролцох эрхээ баталгаажуулаад байна

Манай улсын 10 тамирчин, 1 баг “Токио-2021” олимпд оролцох эрхээ баталгаажуулаад байна

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас “Токио-2020” олимпийн наадам хойшилж, ирэх оны долдугаар сарын 23-ны баасан гаригт эхлэх тов гарсан билээ.  Ирэх оны олимпод дэлхийн 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 медалийн төлөө өрсөлдөх юм. Одоогоор Монгол Улсаас 10 тамирчин, нэг баг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл Олимпийн наадамд орох эрхээ баталгаажуулаад байна. Үүнд:

  • -Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  • -Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  • -О.Есүгэн урт буу, эмэгтэй
  • -О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  • -Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг
  • -С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг
  • -Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй
  • -Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй
  • -Б.Отгонболд байт харваа, эрэгтэй
  • -Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг
  • -3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)

Манай тамирчид цаашдаа жүдо (11-12 эрх), чөлөөт бөх (5-6 эрх), бокс (2-3 эрх), хөнгөн атлетикийн марафон гүйлт (2-3 эрх), хүндийг өргөлт (1 эрх), таэквондо (1 эрх), 3х3 сагсан бөмбөг (эрэгтэй баг) зэрэг төрлөөр эрхээ нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд (эрэгтэй нэг, эмэгтэй нэг) Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх өндөр магадлалтай байна. Улмаар Монголын олимпийн багт 36-39 эрхээр 50 шахуу тамирчин Токио-2021 олимпийн наадмыг зорих боломжтой байгаа юм.