Б.Буджаргал нэг жилд гурван удаа түрүүлж дэлхийд рекорд тогтоолоо

Б.Буджаргал нэг жилд гурван удаа түрүүлж дэлхийд рекорд тогтоолоо

Холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Б.Буджаргал өчигдөр дахин нэг ялалтаа байгууллаа.

Тэрээр” Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээн”-д дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаа баталж, Тайландын Чинмай хотод болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд 125 км гүйж түрүүлжээ. Түүний хувьд хамгийн анх 2014 онд 35 настайдаа Нью Йорк хотод болсон 10 хоногийн гүйлтэд 1189 км гүйж түрүүлж байжээ. Одоогийн байдлаар дэлхийд  Б.Буджаргалаас өөр хэт холын зайн гүйлтийн тэмцээнд нэг жилд гурав түрүүлсэн хүн байдаггүй ажээ.

Хоёр хөлтэй хүн битгий хэл дөрвөн хөлтэй адуу туулж барамгүй санагдах 780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш. Тэгвэл энэхүү спортоор амжилттай хичээллэн,эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа Б.Буджаргал цар тахлаас болж Тайланд улсад арав гаруй сар гацаж байх хугацаандаа дээрх амжилтыг гаргажээ. Тэрээр санхүүгийн асуудлаас үүдэн гудамжинд гарах дөхсөн ч бэлтгэл, сургуулилтаа тасралтгүй үргэлжлүүлэн, хандив цуглуулж дараа дараагийн тэмцээнүүддээ оролцохоор бэлтгэж байгаа аж.

Тамирчин Б.Буджаргалын хувьд ирэх арваннэгдүгээр сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болох 6 хоногийн, ‪ арванхоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 10 хоногийн олон өдрийн гүйлтийн тэмцээнд орох төлөвлөгөөтэй байна.