Хүннү фейшн: “Хү” хамтлагийн авч явсан манай бүтээгдэхүүнийг зарах уу, бэлэглэх үү гэж их асуудаг

Хүннү фейшн: “Хү” хамтлагийн авч явсан манай бүтээгдэхүүнийг зарах уу, бэлэглэх үү гэж их асуудаг

Төв Азид анхны төрт улс, эзэнт гүрнийг байгуулж явсан өвөг дээдсийнхээ соёл дээр суурьлан монгол арьс шир, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэдэг “Хүннү Фейшн” компанийн гүйцэтгэх захирал С.Гансүхтэй ярилцлаа.

Тэрээр хэзээ ч нөөц нь шавхагдаж магадгүй уул уурхайд найдах биш, дуусч дундаршгүй түүх, соёлоороо дэлхийн зах зээлд өрсөлдөх ёстой хэмээн хэлсэн нь эрхгүй нэгийг бодогдуулсан юм.

СОНСОХ:

-ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХУВЦАС ХЭРЭГСЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙГ ОРЧИН ҮЕД ХЭРХЭН ХУВЬСАЖ, БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНД
“БУУХ” ВЭ ГЭДГИЙГ СУДАЛЖ, ХӨГЖҮҮЛСЭН-

-Юун түрүүнд манай уншигчдад “Хүннү фейшн” компаниа танилцуулаач. Анх хэдэн онд байгуулагдаж, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Хүн гүрэн үүсч, хөгжсөний 2222 жилийн ойгоор буюу 2012 онд Монгол улс Хүннүгийн соёлыг дэлхийд түгээх зорилготойгоор дэлхийн маш олон эрдэмтэн, судлаач, археологичийг эх орондоо урьсан. Улмаар тухайн үед бараг 100 орчим орны судлаач, доктор, профессорууд манай улсад ирнэ гэсэн судалгаа гарч байсан юм.

Гэтэл жуулчид ирээд Хүннүгийн соёлыг агуулсан эд зүйлс авъя гэвэл тэдэнд зарчих зүйл манайд бараг л байгаагүй. Тэгэхээр бидэнд гадаадын жуулчид, эрдэмтэн мэргэдэд зориулан археологийн олдворуудаас гадна өөр үзүүлэх зүйл хэрэгтэй болсон.

Ингээд бид Хүн гүрэнтэй холбоотой нүсэр судалгаа хийж, маш их зүйл бэлдэж эхэлсэн. Гэвч хамгийн харамсалтай нь тэр жил Монголд “Холер” өвчин гараад тухайн жилийн том фестивал, аялал жуулчлал бүгд цуцлагдсан юм. Яг тэр үед л манай “Хүннү фейшн” компанийн үндсэн суурь тавигдаж байлаа.

-Тэгэхээр танай компанийн үндсэн зорилго, чиглэл юу вэ?

-Бид мал аж ахуйн гаралтай түүхий эд, оёмол бүтээгдэхүүн, гар урлал, алт, мөнгөн хийц, арьсан эдлэл, ноос ноолуур, зураг урлал зэрэг өөрсдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах зорилготой. Үүнийгээ бид маш сайн хөгжүүлээд дэлхийн зах зээлд гаргаж өрсөлдөхөд бидэнд том боломж бий. Учир нь бид дундаршгүй баялаг түүх, соёлтой хүмүүс.

-Танай компани Хүннү рок урсгалаар дэлхийг байлдан дагуулж буй “Хү” хамтлагтай ямар нэг байдлаар холбоотой юу? Жишээ нь, дэлхийн алдартай хөл бөмбөгийн багуудыг дагаж, дагуул компани үүссэн байдаг шүү дээ.

-Хүннүгийн үеийн соёлоор суурьлагдсан маш олон салбар тус тусдаа задраад явж байна. Хүннү фейшн, Хүннү мотор, Хүннү эйр, Хүннү вилла гэх мэт. Энэ бүгд өргөжин явсаар цаг хугацааны явцад “Хү” хамтлаг гарч ирсэн. Харин манайх тус хамтлагийг гарч ирэхээс өмнө Хүннүгийн үеийн хувцас хэрэгсэл, эдлэл, гоёл чимэглэлийг орчин үед хэрхэн хувьсаж, бидний өдөр тутмын хэрэглээнд “буух” вэ гэдгийг судалж, хөгжүүлж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж ирсэн. Тэгэхээр тус хамтлагтай ямар нэг байдлаар холбоогүй.

Гэвч нэг сайхан боломж нь юу вэ гэвэл Хүннү рок стиллээр дуулдаг “Хү” хамтлаг маань монголынхоо соёлын үүд хаалгыг дэлхийд тамгалж өгсөнд байгаа юм.

-ХЭДЭН МЯНГААР НЬ БИШ, МАШ ЦӨӨХӨН ТООНЫ ШИЛМЭЛ
БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛГОТОЙ-

-Түүхий эд, материал, үндэсний хэв загвараас гадна танай бүтээгдэхүүнүүдийн онцлог юу вэ?

-Манай компанийн нэр Хүннү фейшн. Дэлхийн олон улсын жишиг нэршлээр “Фейшн” гэдэг үг маань өөрөө загвар, дизайны компанийг илэрхийлж байгаа. Тодруулбал, хэдэн мянгаар нь үйлдвэрлэдэг биш, маш цөөхөн тоотойгоор хамгийн шилмэл бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд, олон улсын болон дотоодын зах зээлд нийлүүлж, худалдан авагчдынхаа саналын дагуу бүтээгдэхүүнээ хөгжүүлээд брэнд болгох боломжтой.

-Дэлхийн зах зээлд гарах зорилготой Хүннү Фейшн компани одоогоор хичнээн тооны, ямар чиглэлийн ажилчидтай вэ?

-Зураачид, дизайнерууд, дархчууд, оёдолчид, сийлбэрчид зэргээс гадна компанийн маань стратегийг зөв авч явах маркетингийн баг, хуулийн баг, санхүүгийн баг, онлайны баг гээд компани маань маш өргөн бүтэцтэй байгаа. Ингээд одоогийн байдлаар нийтдээ 60 орчим хүн ажиллаж байгаа боловч, компанийн албан ёсны ажилчид 14 хүн байна.

-Танай компани одоогийн байдлаар хичнээн нэр төрлийн ямар ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна вэ?

-Эртний домын эд зүйлс болох хүүхдийн үнэг, бойтогны хонх, орны хөлд тавьдаг сүх зэргийг эртний соёлоо сэргээх үүднээс толилуулж байна. Мөн оёмол бүтээгдэхүүн буюу үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, дотуур хувцас, малгай зэргийг нэрлэж болно. Харин арьсан эдлэлийн бүтээгдэхүүний төрөлд савхин куртик, савхин дээл, малгай, гутал, арьсан цүнх, арьсан гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс ч бий. Үнэт эдлэлийн чиглэлд алт, мөнгө, гууль, хүрэл эдлэлүүд байгаа. Тухайлбал, бөгж, ээмэг, зүүлт, бүсний арал, аяганууд зэрэг металаар хийж болох бүх л зүйлсийг гаргах төлөвлөгөөтэй байна. Бид эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдээ гаргаад дэлгүүртээ тавьж, мөн онлайнаар толилуулж байгаа. Мөн бид бэлгэдлээ түлхүү барьж, бэлгэдлийн чанартай зүйлс маш цөөхөн тоогоор үйлдвэрлэнэ. Үүнээс гадна морины соёлтой холбоотой эмээл, хазаар, хормойн боолт, ташуур зэрэг зүйлсийг нийлүүлэхээр төлөвлөж, боловсруулалтынхаа шатанд явж байна.

-Танай дэлгүүрүүд хаана байрладаг вэ? Хэдэн салбар дэлгүүртэй вэ?

-Бид Монгол улсын хэмжээнд 4 дэлгүүр байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн анхны дэлгүүрээ Улсын их дэлгүүрт байгуулах төлөвлөгөөтэй байсан ч боломжгүй болоод Таван богдын Улаанбаатар галерейд анхны дэлгүүрээ нээсэн. Цаашид Номин болон Чингисийн морьт хөшөө буюу Цонжинболдог, мөн шинэ нисэх онгоцны буудалд тус тус салбараа нээхээр зориод байна. Манай нийт худалдан авагчдын дийлэнх нь гадны улсаас аялал жуулчлалын зорилгоор ирж, бидний соёлыг сонирхож буй хүмүүс байдаг. Мөн өөрсдийн өв соёлоо гадаадад сурталчлах зорилготой монголчууд маань манай бүтээгдэхүүнийг онлайн хэлбэрээр худалдаж авах, захиалга өгөх нь түгээмэл байдаг.

-“ХҮ” ХАМТЛАГИЙН ӨДӨР ТУТАМДАА ХЭРЭГЛЭДЭГ ЗҮЙЛС БҮГД МОНГОЛ УЧРААС ХЭДИЙН ДЭЛХИЙ НИЙТИЙН АНХААРЛЫГ ТАТЧИХСАН-

-Монголынхоо өв соёлыг гадаадад сурталчлах зорилготой хүмүүс гэснээс “Хү” хамтлаг аялан тоглолтоор явахдаа танай бүтээгдэхүүнүүдийг авч явдаг уу?

-Бид ерөнхийдөө хамтарч ажилласан. Морин хууранд хийх тогтоогч, гитарын мөрөвч, гутал, хэнгэрэг, арьсан бүс гээд л. Үүнээс гадна Монгол улсаа төлөөлж энэ том хамтлаг маань гадаадад аялан тоглолтоо хийж байгаа учраас тоглолтын үеэр гадныханд гарын бэлэг өгөх шаардлагатай болдог. Дэлхийн томоохон улсуудын элчин сайдууд, гадны нэртэй том хамтлагууд, одуудтай уулзахдаа Монголын эд зүйл гээд сонирхуулаад өгөх зүйл байх ёстой учраас тэр л дээ. Энэ тал дээр бид хамтарч, гарын бэлгийг нь хийж өгч байсан.

-“Хү” хамтлаг дэлхийн нөлөө бүхий хүмүүст та бүхний бүтээлийг бэлэглэхэд хэр хүлээж авсан бол?

-Бид мэдээж үүн дээр тулгуурлаад судалгаа хийсэн. Ингэхэд гадныхан Монголын маань бүтээгдэхүүнийг маш их сонирхох юм байна, бидний хийж буй зүйл гадныханд маш их таалагдах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-“Хү” хамтлагийн аялан тоглолтын дараа та бүхний бараа бүтээгдэхүүнийг сонирхох, захиалах хүмүүсийн тоо, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн үү?

-Зөвхөн тоглолт гэхгүй л дээ. Тэдний эдэлж хэрэглэж буй цүнх, богц, гутал, малгай, цамц зэргийг гадаадад байдаг залуучууд маань өдөр тутамдаа хэрэглээд явж байхад гадныханд маш их таалагдаж, сонирхож байна гэсэн мэдээ бидэнд ирж байсан. Тэгэхээр зөвхөн тайзаар дамжуулан, дуу хөгжмөөр дамжуулан сурталчилна гэж ойлгож болохгүй.

Мөн бид тухайн үед борлуулах зорилгоор олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй. Зөвхөн Хү хамтлагийнхны өдөр тутмын хэрэглээ болон аялан тоглолтод нь зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг маань гадныхан сонирхоод худалдчих, зарчих, эсвэл бэлэглээч гэсэн саналууд их ирсэн байсан. Тиймээс үүний үндсэн дээр бид худалдааны хэлбэрт орж эхэлж байна.

-Дэлхийд танигдсан хамтлагаараа дамжуулж монгол бизнесүүд маань олон улсын зах зээлд гарах боломж ер нь хэр байдаг вэ?

-Монголчуудад нэг өрөөсгөл ойлголт байна. “Хү” гэсэн нэрийг ашиглачихвал дэлхийн зах зээлд гарчихна гэж. Гэтэл “Хү” хамтлаг маань өөрөө олон улсад өөрийг нь спонсорлож, менежментийг нь хийж байгаа том компанитай худалдааны гэрээ байгуулчихсан байгаа. Бид тэр гэрээг нь зөрчиж болохгүй. Тиймээс “Хү” хамтлагийн логотой, ер нь тус хамтлагтай холбоотой бүтээгдэхүүн гаргаж, гадны зах зээлд нийлүүлж болохгүй.

Гэхдээ “Хү” хамтлагийн өдөр тутмын хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөрөө монгол бүтээгдэхүүн учраас заавал тэднээр сурталчилаад байх шаардлагагүйгээр дэлхий нийтийн анхаарлыг татчихаж байгаа юм.

-АРЬС, ШИР НООЛУУР ШИГ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ БОЛОМЖТОЙ-

-Танай компани үхрийн арьс зэрэг арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьс, ширний давуу тал, онцлог юу вэ?

-Манай улс өөрөө нүүдлийн соёл иргэншилтэй, маш олон тооны малтай улс шүү дээ. Тэгэхээр манай улсын үхрийн арьс, сарлагийн арьс зэрэг нь гадны зохиомлоор хээлтдэг, зохиомлоор гаргаж авдаг фермийн малын арьсыг бодвол байгалийн жамаараа ашиг шимээ өгдөг, байнгын нөхөгддөг баялаг учраас бид хэдэн мянган жил хэрэглэгдэж ирсэн энэ баялагаа ашиглах хэрэгтэй. Дотоодын боловсруулах компаниуддаа, олон улсын стандартад нийцсэн боловсруулалтыг захиалгаар өгөөд арьс ширээ Европ, Америк зэрэг дэлхийн зах зээлд гаргах боломжтой. Манай компанийн арьс ширний үйлдвэрлэлийг 10-25 жил ажил үүргээ гүйцэтгэсэн туршлагатай компаниуд туслан гүйцэтгэдэг.

-Яваандаа арьс, шир ноолуур шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Ер нь бол арьс, шир, ноолуур гурав нь салшгүй нэг төрлийн бүтээгдэхүүн юм. Тиймээс угтаа ноос ноолууран бүтээгдэхүүнээ дагаад арьс, ширэн бүтээгдэхүүнээ аваад явах ёстой. Гэтэл ноос, ноолуур маань биеэ даагаад өөрсдийн онцлогоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихлөө. Тэгэхээр бид дараагийн нөөц болох арьс, ширэн бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, соёлын бүтээгдэхүүнүүдээ гаргаж ирэх ёстой. Манай компанийн зорилго чухам үүнд л чиглэж байгаа юм.

-Арьс ширийг боловсруулахад хичнээн хугацаа зарцуулдаг вэ?

-Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдээсээ эхлээд боловсруулалт хүртэлх ерөнхийдөө 30-45 хоног зарцуулдаг. Дараа нь бэлэн болсон материалаа үйлдвэрлэлд оруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоход тоо ширхэгээсээ хамаараад 30 минут, 3 цаг, 3 өдөр хийдэг бүтээгдэхүүн ч байдаг. Ер нь сүүлийн үед манай монголчуудын боловсруулалтын технологи дэлхийн жишигт хүрчихсэн.

-Манай улс цаашдаа ямар чиглэлээр дэлхийн зах зээлд өрсөлдвөл амжилттай явах бол?

-Дэлхий биднийг сонирхоод эхэллээ. Энэ үед бид хүнд үзүүлэх юу байгаа билээ гээд өөрсдийн шавхагдашгүй нөөц рүү өнгийх ёстой. Газрын доорх баялаг маань нэг л өдөр шавхагдана, харин бидний өв соёл шавхагдашгүй. Ганцхан жишээ хэлэхэд, дэлхий дээр 290 орчим туульс байдаг. Түүний 270 нь зөвхөн манай Хүн гүрний болон түүнээс өмнөх үеийн туульс байдаг. Энэ их туулийг өдөр болгон нэг нэгээр нь хайлаад ч бүтэн жилд барагдахгүй. Ийм л гайхалтай соёлын өвтэй хүмүүс юм бид. Тэгэхээр бид өв соёлоороо л дэлхийн зах зээлд гарах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Х.ҮҮРИЙНТУЯА