МАН-ЫН ХААЛТТАЙ ХУРАЛДААН: Ерөнхийлөгч Х.Баттулгад амархан бууж өгөхгүй

МАН-ЫН ХААЛТТАЙ ХУРАЛДААН: Ерөнхийлөгч Х.Баттулгад амархан бууж өгөхгүй

Хуваарийн дагуу МАН-ын бүлэг өчигдөр /2020.10.27/ хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэсэн. Үүний өмнөхөн тус бүлэг хаалттай хуралдаж хуулийн байгууллагаас хэд, хэдэн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж ирэхээр бэлтгэж буй талаар нэлээн нухацтай ярилцаж цаашид хэрхэн, яах гаргалгааг хайсан гэж буй.

Нэгэнтээ энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хийж буй ажил гэдэг нь  тодорхой учир МАН-ын бүлэг нэгдмэл байж гишүүдээ авч үлдэх тал дээр нягт, нямбай ажиллахаар тохирсон сурагтай.

Бүр төлөвлөгөө боловсруулсан гэх ч мэдээлэл байна. Нэг болон хоёрдугаар хүний харилцаа УИХ-ын сонгуулиас хойш муудаж өчигдрийг хүртэл далд үзэлцэж байсан бол энэ өдрөөс хойш ил “зодолтож” байгаа нь МАН-ын дээрх шийдвэрээс нэгэнт тодорхой боллоо.  

ТЭДНИЙ ХАРИЛЦАА ЮУНААС БОЛЖ МУУДАВ

Тэд тохирохдоо, 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга нь У.Хүрэлсүхээ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нь Х.Баттулгаа дэмжинэ гэцгээсэн гэдэг. Бүр У.Хүрэлсүхийн зүгээс Х.Баттулгынхаа өрсөлдөгч нь болж нэр дэвшихгүй намынхаа сул гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирч, зориудаар ялагдахаар оролцоно гэх яриа, хөөрөө хийсэн гэх. Гэтэл УИХ-ын сонгуулийн маргааш У.Хүрэлсүх хэлснээсээ буцаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр  битүүхэн бэлтгэж эхэлсэн гэж буй.

Үүнд нь эгдүүцсэн Х.Баттулга ирэх жилийн гол өрсөлдөгч  У.Хүрэлсүхээ унагах, МАН-ыг хагалах, эсрэг ажиллах, муухай харагдуулах акцыг эрчимтэй  хийж тэр хүрээндээ өөрийнхөөр эрх мэдлийн дор ажиллах хуулийн байгууллагыг бүхэлд нь хөдөлгөж МАН-ын гишүүдийг шалгах, хорих улмаар эргүүлэн татах асуудалд бэлтгэж эхэлжээ. Харин нөгөө талд МАН зүгээр суухгүй нь өчигдрийн хуралдаанаасаа гаргасан шийдвэрээс нь харагдаж  байна.

-ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛИАС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ
МЭДЛИЙГ ХАСАХААР МАН АЖИЛЛАЖ БАЙНА-

Тухайлбал, МАН өчигдрийн бүлгийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцсэн. УИХ-д Шүүхийн тухай багц хуулийг Ерөнхийлөгч болон Засгийн газраас тус, тусдаа өргөн барьсан.  Харин МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсныг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Тэд ЭНЭ ТУХАЙ тайлбарлахдаа, Ерөнхийлөгч нь Засгийн газрын боловсруулсан хуулийн 80 хувийг нь копи паст хийсэн бөгөөд үлдсэн 20 хувьд нь  өөрийн нөлөөллийг шүүхэд тогтоох, хадгалж үлдээх тухай тусгасан гэж хэлсэн юм.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулинд

  • -Шүүгчийг томилохдоо шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах эсэхийг шийднэ гэж заажээ.

Харин Засгийн газраас өргөн барьсан хуулинд

  • -Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон хүнийг Ерөнхийлөгч батламжлах үүрэг хүлээнэ гэж заажээ.

Мөн шүүхийн сахилгын хороонд Ерөнхийлөгчийн саналаар томилгоо хийдгийг МАН болиулах аж. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тэмцэл ил өрнөж эхэлж буйг илтгэж буй.

-ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХЭРЭГ ҮҮСГЭЖ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДАЛ Ч МӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИАЛГА УУ-

Үүнээс гадна МАН-ын өчигдрийн хаалттай хуралдаанаар Сонгуулийн дараа МАН олонх болсон хэд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэж шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, сонгогчдын өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр засч байна гэдэг асуудлын талаар ярьсан байна. Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Завхан зэрэг хэд хэдэн аймагт ийм асуудал гарчээ. Баянхонгор аймагт гэхэд ИТХ-ыг 11.00 цагт зарласан атал 09.00 цагт гурван төлөөлөгчийг түдгэлзүүлэх асуудлыг ярьсан байх жишээний. Хууль шүүхийн байгууллага сонгуулийн дүн гарсан асуудалд хэт хутгалдаж байгааг бүлэг дээр ярьсан. УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудал УИХ-д ирээгүй. Нэгэнт УИХ-д ирээгүй асуудлыг ярихгүй шүү дээ. Харин ИТХ-ын төлөөлөгчийн хувьд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь буруу.

Хууль шүүхийн байгууллага шалгаагүй байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж байгаа нь буруу гэж тус бүлэг үзэж байгаа аж. Хэд, хэдэн гишүүн Ерөнхийлөгчийг даварч, хууль зөрчиж байгааг энэ үеэр яриад хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн УИХ-ын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс гадна, хэдэн аймгийн Засаг даргыг хуулийн байгууллага шалгаж удахгүй шүүхээр оруулах, албан тушаалаас нь эргүүлэн татах зэрэг асуудал хөндөгдөж магадгүй тухай эрх баригч нам дотор ярилцаж байгаа юм. Үүнээс үзвэл ирэх өдрүүдийн улс төр бужигнаантай, халуухан болох нь.