Туркийн Ерөнхийлөгч Францын барааг худалдаж авахгүй байхыг ард иргэддээ уриалжээ

Туркийн Ерөнхийлөгч Францын барааг худалдаж авахгүй байхыг ард иргэддээ уриалжээ

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Францын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэддээ уриалжээ.

Учир нь Францын Ерөнхийлөгч саяхан Туркийн барааг битгий худалдаж ав хэмээн ард иргэддээ хэлж байсан юм.

Тус хоёр улсын дунд ийнхүү маргаан үүсэх болсон шалтгаан нь шашны зөрчлөөс үүдсэн байна. Тодруулбал, 18 настай, лалын шашинт залуу шашны үзэн ядалтаар сургуулийн түүх, газарзүйн багшийг хөнөөсөн хэрэг Францад 10 дугаар сарын 16-нд гарсан билээ.

Энэ хэргийн дараа Макрон "Лалын радикал үзлийг тээгчид болон тэдний байгуулсан холбоодтой Францын эрх баригчид идэвхтэй тэмцэнэ" гэж анхааруулсан юм. Үүний хариуд Эрдоган түүнийг “Өөр шашин шүтлэгтэй олон сая иргэндээ ялгавартай ханддагаа харууллаа” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Берлин дэх сүм хийдүүдэд нэгжлэг хийснийг исламофоби буюу лалын шашинтнуудаас эмээх үзлийн илрэл гэж нэрлээд энэ нь Турктэй дайсагналцаж байгаагийн нэг дохио гэдгийг санаж байхыг уриалжээ. Эрдоган мөн лалын шашинтнуудын эсрэг ийм гэмт хэрэг нь Европын фашизм шинэ шатанд шилжсэний нотолгоо хэмээн үзжээ.

Макроны мэдэгдэл лалын шашинт улсуудын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, шашны, олон нийтийн, улс төрийн янз бүрийн байгууллага, зүтгэлтнүүд Францын бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалахад хүргэсэн байна.