Хойд Солонгост олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ

Хойд Солонгост олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ

БНАСАУ-ын Ардын дээд хурал ард иргэдийг эрүүл амьдрах орчноор хангахын тулд олон нийтийн зарим газарт тамхи татахыг хориглох шийдвэрийг танилцууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.

“Тамхи татахыг хориглох тухай хууль нь БНАСАУ-ын иргэдийн амь нас, эрүүл мэндийг тамхины үйлдвэрлэл, худалдааны хяналтыг чангатгах замаар хамгаалахыг зорьж байгаа юм” гэж “KCNA” агентлаг хууль тогтоох байгууллагын мэдэгдлийг иш татан уламжилсан байна. Уг баримт бичигт тусгаснаар, улс төрийн, үзэл суртлын боловсролын төвүүд, театр, кинотеатр, анагаах ухааны болон олон нийтийн эрүүл мэндийн байгууламжуудад тамхи татахыг хоригложээ.

БНАСАУ-д тамхины хэрэглээ өндөр байдаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2013 оны байдлаар эрэгтэйчүүдийн 43.9 хувь нь тамхи татдаг байв. Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг тамхи угсруулан татдаг гэдгийг олон нийт сайн мэддэг бөгөөд тэрбээр төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэрэл зургуудад гартаа тамхи барьснаар олонтаа харагдаж байсан юм.