Их Британийн амьтны хүрээлэнгийн барын хашаанд орсон хүн амиа алджээ

Их Британийн амьтны хүрээлэнгийн барын хашаанд орсон хүн амиа алджээ

Их Британийн зэрлэг амьтдын хүрээлэнгийн хашаанд нэвтэрсэн эр бард бариулан, хүнд гэмтэл авч амиа алджээ.

Тодруулбал, Өмнөд Йоркширийн цагдаагийн газраас мэдээлснээр, аравдугаар сарын 10-ны бямба гарагт 13:35 цагт барын хашаанд эрэгтэй хүн нэвтэрсэн тухай дуудлага хүлээн авсан байна. Яаралтай тусламжийн баг хэргийн газарт очсон ч тухайн эрэгтэй газар дээрээ нас барсан байдалтай байжээ. Уг хэрэгт бар гэмтэж бэртээгүй бөгөөд хүрээлэнгийн удирдлага түүнийг устгалд оруулахгүй гэж мэдэгдсэн байна.  Хэргийн дараа хүрээлэнг бүхэлд нь нүүлгэн шилжүүлж, олон нийтэд учрах эрсдэл байхгүй гэж холбогдох байгууллагууд мэдэгдсэн байна.

Английн хойд хэсэгт орших Донкастер хотын ойролцоо байрладаг Йоркширийн зэрлэг амьтдын хүрээлэнгээс уг үйл явдлыг ноцтой хэрэг хэмээн тодорхойлж, онцгой байдлын хариу арга хэмжээний төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлсэн гэжээ. Улмаар хүрээлэнг амралтын өдрүүдэд түр хаах шийдвэр гаргасан байна. Хүрээлэнгийн ажилтнууд болсон үйл явдлын улмаас сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон бөгөөд тэдэнд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа талаар мөн мэдээлжээ.

Одоогоор цагдаагийн байгууллага тухайн эрэгтэй яагаад барын хашаанд орсныг албан ёсоор тайлбарлаагүй ч хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар, тэрбээр хашаанд орохоосоо өмнө бартай хамт зураг авахуулахыг хүсжээ. Тэр барын хашааны ойролцоо хөгжим сонсон, AirPods зүүсэн байсан ба бар ард нь харагдахаар зураг авч өгөхийг танихгүй хүнээс хүссэн байна. Үүний дараа барын хашаанд орсон гэж гэрчүүд мэдээлжээ.

Эх сурвалж: CNN