Ж.Байден ялна гэдэгтээ итгэлтэй байгаа бол Д.Трамп шүүхэд гомдол гаргасаар байна

Ж.Байден ялна гэдэгтээ итгэлтэй байгаа бол Д.Трамп шүүхэд гомдол гаргасаар байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь тус улсын дөрвөн мужийн санал тооллогын үр дүнгээс хамаарах болоод байна.

Одоогоор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден 253 төлөөлөгчийн саналтай, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 213 төлөөлөгчийн саналтай явж байгаа юм. Тэдний хэн түрүүлж 270 санал цуглуулсан нь АНУ-ын ерөнхийлөгч болох болзлоо хангана. Нийт зургаан мужид санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаагаас Пенсильвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужуудын үр дүн сонгуулийн хувь заяаг шийдэхээр байна.

Эдгээр мужууд нь тус бүр 20, 16, 15, 11 төлөөлөгчийн саналтай юм. Санал хураалтын өдөр дуусахад Дональд Трамп эдгээр мужуудын ихэнх хэсэгт авсан саналын тоогоор тэргүүлж байсан бол хоёр дахь өдрөөс эхлэн шуудангаар илгээсэн саналын хуудаснуудыг тоолж эхэлснээр хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү улам багасаж байна.

Нэр дэвшигч Жо Байден энэ сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдээд нийт Америкчуудад эцсийн дүн гартал эв нэгдэлтэй, тэвчээртэй байхыг уриалжээ. Харин Дональд Трамп санал тооллого үргэлжилж байгаа муж бүрийн шүүхэд гомдол гаргасаар байна. Тэрбээр шуудангаар ирсэн саналуудыг тоолохгүй байхыг шаардаж, үүнийг сонгуулийн луйвар гэж үзэж байгаа юм.