ТАНИЛЦ: Нярай хүүхдээ орхиж явдаг тусгай хайрцаг буюу “Baby box”

ТАНИЛЦ: Нярай хүүхдээ орхиж явдаг тусгай хайрцаг буюу “Baby box”

“Нярай хүүхдээ орхиж явдаг хайрцаг” гэхээр хүмүүст үнэхээр ойлгомжгүй, сонин санагдаж магадгүй юм. Гэхдээ ганц бие ээжүүд, хүсээгүй жирэмслэлт зэргээс үүдэлтэй хүүхэд өнчрүүлэх, үр хөндүүлэх, гадаа хаях зэрэг асуудал их байдагтай холбоотойгоор нярай хүүхдээ орхиж явдаг тусгай газар БНСУ-д байдаг ажээ. Хамгийн анх 2009 онд Гуанаг дүүргийн сүм анхны “Baby box”-ыг бий болгож байсан түүхтэй. Түүнээс хойш тус газарт нийт 1500 гаруй нярай ирж, өсөж торнисон байна.

-СҮМИЙН ГАДНА БАЙРЛАХ ТУСГАЙ ХАЙРЦАГАНД ХҮҮХДЭЭ ҮЛДЭЭГЭЭД,
ХОНХ ДАРСНААР ХҮҮХДИЙГ НЬ АВЧ ӨСГӨЖ ТОРНИУЛАХ
БОЛОМЖ БИЙ БОЛДОГ АЖЭЭ
-

Энэхүү газар нь хэрвээ хүүхдээ өсгөх боломжгүй хүндхэн нөхцөлд байгаа бол хүүхдээ “Baby box” буюу сүмийн гадна байрлах тусгай хайрцаганд үлдээгээд хонх дарж дохио өгөөд явах боломжийг бүрдүүлсэн ба одоогийн байдлаар хэд хэдэн христын сүм болон буддагийн сүм энэхүү тусгай хайрцагийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ газар хэвчлэн залуу ээжүүд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, цөхөрсөн нөхцөлд байдалд орж очих газар, хандах хүнгүй болсон хүмүүс ханддаг ба “хэзээ нэгэн цагт заавал эргэж ирнэ” гэсэн утга бүхий зүрх шимшрэм захидал үлдээн оддог байна. Анх нээгдсэн даруйдаа энэхүү төсөл нь хүмүүсийн шүүмжлэлд ихээр өртөж, олон маргаантай асуудлуудыг дагуулж байсан хэдий ч тус улсад 2012 онд үрчлэлтийн тухай шинэ хууль батлагдсаны дараа намжжээ. Мөн тус төслийг хийж гүйцэтгэх сүмүүдийн тоо ч ихэссэн байна.

-ИХЭВЧЛЭН ЗАЛУУ ОХИД, БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ЭМЭГТЭЙЧҮҮД ТУС ГАЗАРТ ХАНДДАГ БӨГӨӨД СЭТГЭЛ ШИМШРЭМ ТҮҮХ БИЧСЭН ЗАХИАНЫ ХАМТ ХҮҮХДИЙГ ҮЛДЭЭГЭЭД ЯВДАГ БАЙНА-

Тус төслийг үүсгэн байгуулагч Ли Жон Рак хэлэхдээ “Миний энэхүү шийдвэр бол гудамжинд хаягдаж буй хүүхдүүдийн амь насны төлөө, амьдрах гэж дэлхийг зорьж ирсэн бяцхан зүрхийг аз жаргалтай ирээдүйд хүргэж өгөхийн төлөө гаргасан хамгийн том, чухал алхам. Хайрцагны хонх дуугарах бүрт сэтгэл минь өвддөг ч тэр дотор унтаж буй бяцхан нярайг хараад надад урам зориг төрдөг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Зарим эцэг эх гаргасан шийдвэртээ эргэлзэн хүүхдээ авахаар эргэж ирэх тохиолдол гардаг бөгөөд тэр үед нь пастор олон талын зөвлөгөө өгч, чин сэтгэлийн ярилцлага хийдэг ажээ. Мөн пастор Ли хүүхдээ өсгөхөд нь туслах живх, хуурай сүү, гэр ахуйн хэрэгсэл гэх мэт шаардлагатай зүйлсээр хангахаа амлаж, хүүхдээ буцаан авахыг чин сэтгэлээсээ ятгадаг байна. Энэ нь ч маш үр дүнтэй байдаг бөгөөд хүүхдээ аз жаргалтай өсгөж буй гэр бүлүүд олон жилийн дараа сүмд ирж пастортай уулзсан тохиолдол ч гаржээ.

-ЗАРИМ ЭХЧҮҮД ГАРГАСАН ШИЙДВЭРТЭЭ ЭРГЭЛЗЭН ХҮҮХДЭЭ
АВАХААР БУЦАЖ ИРДЭГ-

Хайрцаганд ирсэн хүүхдүүдийг сүмийн ажилтнууд хотын харьяа эмнэлэгт үзүүлэн, хүүхдийн халамжийн төвд бичиг цаас бүрдүүлж, асрамжийн газарт илгээдэг бөгөөд шаардлагатай бол сүмдээ өсгөх тохиолдол ч гардаг аж. Өмнөд Солонгос улс нь дэлхийн хамгийн бага төрөлттэй улс орнуудын тоонд багтдаг ч нярай хүүхдээ метроны буудал, дэлгүүрийн гадаа хаяж явсан олон тохиолдол бүртгэгдсэний дараа тус төсөл амжилттай хэрэгжиж эхэлжээ. Зарим иргэдийн зүгээс энэ төсөл нь эцэг эхийнхээ үүргээс хялбар аргаар гарахыг уриалж байна гэж шүүмжилж буй ч хүйтэн гудамж, метроны буудал, цэцэрлэгт хүрээлэнд хаягдсан олон хүүхдийн хувь заяанд сайнаар нөлөөлсөөр байна.

Пастор Ли засгийн газарт хүсээгүй жирэмслэлттэй эмэгтэйчүүдийг хамгаалалтад авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд 11 сарын 3-ны өглөө Сөүл хотын Гуанаг дүүргийн нэгэн сүмийн үүдэн дэх “Baby box”-ны яг хажуухан талд дөнгөж төрсөн нярай нас барсан явдлаас шалтгаалан илүү том, гэрэлтэй хайрцаг хийхийг зорьж буйгаа мэдэгджээ. Тус нярайг ээж нь сүмийн гадна авчирсан ч хайрцаганд хийж хонх даралгүй яг хажууханд нь үлдээж явснаас хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ нь үлдээж явсан хүүхэд нас барсан анхны тохиолдол болсон байна.