ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Дотооддоо анх удаа халдвар алдсан нь Монгол улсын иргэдийг сандаргаж байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Дотооддоо анх удаа халдвар алдсан нь Монгол улсын иргэдийг сандаргаж байна

Өчигдөр бид улс даяараа айдас түгшүүрт автаж нэг өдрийг өнгөрөөлөө. Өнгөрсөн арван сарын хугацаанд манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй, хяналтандаа байлгаж чадсан цөөхөн улсуудын нэг болж, өөрсдийн туршлагаараа баримтат кино ч хийж байсан цаг саяхан. Гэвч өөрсдийн анхаарал болгоомжгүй хэнэггүй байдлаасаа болж дотооддоо халдвар алдаж, олон сарын хичээл зүтгэлээ үгүй хийв.

Тодруулбал, “Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсний дараа түүний эхнэр, хадам ээж болон дүүгийн шинжилгээнээс халдвар дахин батлагдсан юм. Одоогоор тэдгээртэй хавьтал болсон иргэдийг олж илрүүлэн, тандалт судалгаа хийх ажил үргэлжилж буй. Тэгвэл манай улсын талаар олон улсын хэвлэлүүд хэдийн мэдээллэж эхэлсэн байна.

-ТУХАЙН УЛС НЬ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТЫН ХАТУУ ДЭГЛЭМИЙГ БАРИМТАЛЖ ХИЛИЙН ЧАНАДАД ГАЦСАН ИРГЭДЭЭ Ч МАШ ХАТУУ ХЯНАЛТ ДОР ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ТАТАН АВЧИРЧ БАЙВ-

Жишээлбэл Францын APF агентлагт “ Монгол Улсад гурван долоо хоног  тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч болон түүний ойрын хүрээллийн гурван хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр тус улсын дотоодод нь халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна. ОХУ болон БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй энэ улсад өнөөг хүртэл ердөө 376 тохиолдол бүртгэгдсэн байсан бөгөөд тэдгээр нь зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байсан юм. Мөн тухайн улс өнгөрсөн хугацаанд хилийн чанадад гацсан иргэдээ ч маш хатуу хяналт дор тусгай нислэгээр татан авчирч иргэдээсээ олон шүүмжлэлийг сонсож байсан билээ. Гэвч өнгөрсөн сард ОХУ-аас Улаанбаатарт ирсэн ачаа тээврийн 29 настай, жолооч тус улсын журамд зааснны дагуу гурван долоо хоног тусгаарлалтад байсан ч тусгаарлалтаас гарсан даруйдаа өөрөөсөө гадна гэр бүлийн бусад гурван хүнд халдвар тараасныг Монгол Улсын онцгой комиссоос мэдээллээд байна.

-ХАЛДВАР ТЭЭГЧ НЬ ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН УРЛАГИЙН ТОГЛОЛТОНД ОРОЛЦСОН НЬ ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА-

Түүнчлэн тухайн халдвар тээгч нь урлагийн тоглолт үзсэн гэх бөгөөд тус тоглолтонд гурван мянга гаруй хүн оролцсон болох нь тогтоогдсон байна. Ийнхүү тухайн тоглолтыг үзсэн хүмүүс болон халдвар тээгчидтэй ойрхон байсан иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг улс орон даяар уриалж эхэлжээ. Мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод гурав хоног зорчих хөдөлгөөн хааж, бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг гурав хоног зогсоосон нь иргэдийг сандралд оруулж байна” хэмээн нийтэлжээ.

Мөн энэ талаар Ройтерс, Straits times, CNA зэрэг томоохон хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд тус улсын нөхцөл байдлыг дахин мэдээлэх болно хэмээн дурджээ. Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 394 болж өссөн бөгөөд өчигдрийн байдлаар 16 хүнээс халдвар нэмж илэрсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө