Япон, БНСУ-д тархалт эрчимжиж, ОХУ-д нас баралт дээд цэгтээ хүрлээ

Япон, БНСУ-д тархалт эрчимжиж, ОХУ-д нас баралт дээд цэгтээ хүрлээ

Хойд хөрш ОХУ-д нийт 1.8 сая хүн коронавирусээр халдварласан нь тогтоогдож өчигдрийн байдлаар 24 цагт л гэхэд 439 хүн нас барххд байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр тоо болжээ. Мөн АНУ-ын Калифорни мужид цар тахлын тохиолдол 1 сая давлаа. Зөвхөн Калифорниар тогтохгүй "COVID-19"-ийн халдвар АНУ-ын мужуудын 94 хувьд нэмэгдэж байгааг тус улсын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Гэхдээ вирусийн улмаас нас барж буй хүний тоо IV сараас хойш 30 хувь буурсныг Вашингтоны их сургууль тооцсон байна. Энэ нь эмчилгээний эм, бэлдмэлийн үр дүн сайжирсантай холбоотой гэж тайлбарлажээ. Гэвч АНУ-ын орон нутгийн суурингуудад нас баралт томоохон хотуудаас 2 дахин өндөр байна.

Азийн орнуудын хувьд Японд Пүрэв гарагт 1,661 буюу халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл тус улсын Засгийн газар хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Харин БНСУ-д 24 цагийн дотор 191 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

XI сар гарснаас хойш Герман, Их Британи зэрэг Европын тэргүүлэх эдийн засагтай орнуудад Covid-19-өөр өвчилж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Тухайлбал Их Британид Пүрэв гарагт коронавирусийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн. Франц улсад эмнэлэгт хэвтэж буй хүний тоо дээд түвшинд хүрчээ. Мөн Португали улс Даваа гарагаас эхлэн хязгаарлалтаа тэлж, нэмж 70 хотод хөл хорио тогтоосон байна.

XI сарын 13-ны байдлаар дэлхийн хэмжээнд 52.6 сая хүн "COVID-19"-өөр өвчилж 1,299,400 хүн нас бараад байна. Америк, Бразил, Энэтхэг улсад өвчлөл хамгийн өндөр байгаа. Харин эдгэрсэн хүний тоо 37.2 сая байна. Энэ долоо хоногт Япон, ОХУ, Их Британи, АНУ зэрэг орнуудад 24 цагт хамгийн олон халдварын тохиолдол илэрлээ.