Илон Маск коронавирусийн халдвар авсан байж болзошгүй талаараа твиттерт жиргэжээ

Илон Маск коронавирусийн халдвар авсан байж болзошгүй талаараа твиттерт жиргэжээ

SpaceX, Tesla компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тухай өчигдөр твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэрээр сүүлийн хэдэн өдөр хөнгөн ханиалгаж, халуурч, нус нь гоожиж байгаагаа бичсэн бөгөөд  түргэвчилсэн оношлуураар халдвартай гарснаа хэлсэн байна. Нэг өдрийн дотор хэд хэдэн удаа шалгахад хариу нь эхлээд эерэг, дараа нь сөрөг, сүүлд эерэг гарсан гэнэ. Тиймээс лабораторийн PCR шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа ажээ. Маскын PCR шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах ба тэр хүртэл өөрийгөө тусгаарлаад байгаа аж.

SpaceX компани өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хоёр сансрын нисгэгчийг тойрог замд хүргэж чадсан нь түүхэн үйл явдал болсон юм. Тэгвэл одоо хоёр дахь удаагаа дөрвөн сансрын нисгэгчийг Олон Улсын Сансрын Станцад хүргэх төлөвлөгөөтэй байсан. Хэрвээ Илон Маск коронавирусийн халдвартай нь батлагдвал тэр энэхүү чухал арга хэмжээнд биеэр оролцож чадахгүй болох юм.

Учир нь NASA-гийн дүрэм журамд зааснаар халдварт өвчтэй, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүн Сансрын Төвд нэвтрэх боломжгүй ажээ.

Эх сурвалж: Straits Times