ВИДЕО: Дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдов

ВИДЕО: Дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдов

Өнгөрсөн баасан гарагт /2020.11.13/ ОХУ-ын Новосибирск хотноо дэлхийн хамгийн том ачааны онгоцны нэг “Ан-124 Руслан” загварын нисэх онгоц осолджээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар онгоц Сөүл хотоос Вена руу явж байсан аж. 

Онгоцны нисгэгч радио холбооны систем доголдсон тухай мэдээлж, Толмачево нисэх буудалд ослын буулт хийхийг хүссэн байна. Улмаар нисэх талбайг чөлөөлж өгсний дараа онгоц газардсан ч нисэх зурвасаас 300 метр хэтэрч, зогсжээ. Онгоцонд 14 хүн зорчиж явсан бөгөөд азаар ямар ч гэмтэл, бэртэл аваагүй байна. Харин онцгоцны нэлээд хэсэг эвдэрч буух хэрэгсэл, зүүн хөдөлгүүр, далавчны дээд хэсэг сүйрчээ. 

Эх сурвалжууд онгоцны тээвэрлэлтийн талаар зөрүүтэй мэдээлэл өгсөн аж. Тухайлбал нэг эх сурвалж онгоц ямар нэгэн ачаа тээвэрлэлт хийлгүйгээр хоосон явж байсан гэсэн бол, өөр нэгэн эх сурвалж онгоц  120 тонн ачаа тээвэрлэж явсан гэжээ. Одоогоор албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

“Ан-124 Руслан” онгоцыг Оросын агаарын тээврийн “Волга-Днепр” ба Оросын сансрын хүчнийхэн удирддаг. Энэ загварын онгоцыг Украины Антоновын агаарын тээврийн компани эзэмшдэг бөгөөд нэг онгоц АНЭУ-ын “Максимус Эйр Карго” компанийн нислэгийн статустай байна.

Эх сурвалж:РиаНовости