Румын улсын "COVID-19"-н эмнэлэгт гал гарч, 10 хүн амиа алджээ

Румын улсын "COVID-19"-н эмнэлэгт гал гарч, 10 хүн амиа алджээ

Бямба гарагт коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж байсан Румыны эмнэлэгт гал гарч арван хүн амиа алдаж, долоон хүн шархадсан гэж тус улсын Онцгой байдлын агентлаг (ISU) мэдээлэв.

Гал эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гарч, зэргэлдээх өрөөнүүдэд тархсан байна. Шархадсан долоон хүний дунд эмч байсан бөгөөд тэдгээрийн биеийн байдал тун хүнд байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн сайд Нелу Татаругийн мэдээлснээр шархадсан зургаан өвчтөнг Румыны зүүн хэсэгт орших Ясси хотын COVID-19-ийн эмнэлэгт шилжүүлжээ. Харин биеийнх нь 40 хувь нь гүн түлэгдсэн эмчийг нийслэл Бухарест хотын эмнэлэгт шилжүүлсэн байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа юм байна.

Энэхүү гал нь 2015 онд нийслэл Бухарест дахь шөнийн клуб шатаж, 65 хүн нас барснаас хойш тус улсад хамгийн олон хүний аминд хүрсэн түймэр болжээ.

Гал эхэлж гарсан эмнэлгийн өрөө

Эх сурвалж: Reuters