Жо Байден илт давуу ялалт байгуулж буй ч Дональд Трамп бууж өгөөгүй хэвээр байна

Жо Байден илт давуу ялалт байгуулж буй ч Дональд Трамп бууж өгөөгүй хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден илт давуу ялалт байгуулсан хэвээр байна. Түрүүлж 270 санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах бөгөөд Жо Байден аль хэдийн ялагчийн болзлоо хангаж 306 санал авсан бол, Д.Трамп 232 саналтай авчээ. АНУ-ын зарим мужид сонгуулийн санал хураалт коронавирусийн улмаас шуудангаар зохион байгуулагдсан.

Харин Д.Трампын зүгээс шуудангийн санал хураалтад булхай орсон гэж үзэж хэд хэдэн мужийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

Тухайлбал, тэрээр саяхан сонгуулийн хороонд шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгогчид нь баталгаажуулж эхлэх хүртэл Жоржиа мужид тооллогыг зогсоохыг шаарджээ. Энэ талаар тэр өөрийн тветтер хуудаснаа "Жоржиа мужид явагдаж буй гар тооллогыг дахин явуулах нь цаг алдана. Тэд баталгаат гарын үсгээ үзүүлэхгүй. Иймээс сонгогчид гарын үсгээ баталгаажуулахыг зөвшөөрөх хүртэл тооллогыг зогсоох хэрэгтэй. Радикал зүүний үзэлт Ардчилсан нам сонгуулийн ялалтыг хулгайлахыг бүү зөвшөөр" хэмээн бичсэн байна. Үүний дараа мөн “Бид ялалт байгуулах болно” гэж бичжээ.

Гэсэн ч АНУ-ын ихэнх мужид Жо Байден ялалт байгуулсан тул түүнийг 46 дахь Ерөнхийлөгч болно хэмээн хэвлэлүүд бичиж, зарим орны тэргүүнүүд хүртэл баяр хүргэж байна. 

Эх сурвалж: BBC