“Sputnik V” вакциныг хөлдөөж хатаасан хэлбэрт шилжүүлнэ гэв

“Sputnik V” вакциныг хөлдөөж хатаасан хэлбэрт шилжүүлнэ гэв

“Covid-19” цар тахлын эсрэг “Sputnik V” вакциныг олон улсад тээвэрлэн, удаан хугацаанд хадгалахад зориулан вакум орчинд хөлдөөн хатаасан хэлбэрт шилжүүлэхээр ОХУ-ын эрдэмтэд ажиллаж эхэлжээ.

Герман эрдэмтдийн гарган авч, АНУ-ын “Pfizer” эмийн компанид үйлдвэрлэхээр туршилтын шатандаа яваа “Covid-19” халдварын эсрэг вакцин нь 90 хувийн үр дүн үзүүлсэн боловч Цельсийн -70 хэмд хадгалах шаардлагатай аж. Ингэснээр вакциныг хол газар тээвэрлэх, удаан хугацаанд хадгалах, их хэмжээгээр нөөцлөх зэрэгт асуудал тулгарч байгаа юм.

Харин ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалт сангийн дарга Кирилль Дмитриевийн хэлснээр вакциныг лиофилизаци буюу вакум орчинд хөлдөөн хатаах технологиор үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Улмаар энэ үйл явцын эхний үр дүн ирэх хоёрдугаар сард гарахаар тооцжээ. Эмийн хадгалах хугацааг уртасгах зорилгоор лиофилизаци буюу вакуум орчинд хөлдөөн хатаах технологийг ашиглах нь түгээмэл. Энэ технологийг ашигласан нөхцөлд тухайн эмийг энгийн хөргөгчинд хадгалах боломжтой болдог аж.

Үүний зэрэгцээ “Sputnik V” вакцины үйлдвэрийг Москва бүс нутагт барьж эхэлсэн талаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түүний мэдээлснээр 3.5 сая хүн тун вакциныг хадгалах хүчин чадалтайгаар тус үйлдвэр баригдаж байгаа аж.  ОХУ нь өнгөрсөн наймдугаар сарын 11-нд “Covid-19” цар тахлын эсрэг дэлхийн анхны вакциныг гарган авсныг зарласан. Тэгвэл арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлснээр “Sputnik V” вакцин нь туршилтаар 92 хувийн үр дүн үзүүлсэн байна. Одоогоор вакцины гуравдугаар шаьны туршилт 40 мянган хүн дээр явагдаж байгаа аж.

Эх сурвалж: RT