Умард Солонгосын хакерууд вакцин бүтээгчдийн сүлжээнд халджээ

Умард Солонгосын хакерууд вакцин бүтээгчдийн сүлжээнд халджээ

Умард Солонгосын  хакерууд коронавируст халдварын эсрэг вакцин боловсруулж буй АНУ, Их Британи, БНСУ-ын дор хаяж зургаан эмийн үйлдвэрийн сүлжээг хакердах гэж оролдсон тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Кибер халдлагад өртсөн компаниуд нь Америкийн “Johnson & Johnson” болон “Novavax”, Өмнөд Солонгосын “Genexine”, “Celltrion”, “Shin Poong Pharmaceutical”  түүнчлэн Англи-Шведийн “AstraZeneca” юм.

Умардын эрх баригчид өнгөрсөн наймдугаар сараас хойш кибер халдлага үйлдэх ажлыг зохион байгуулсан тухай сонины нийтлэлд тэмдэглэжээ. Хакерууд вакцины талаар ямар нэгэн мэдээлэл олж авч чадсан эсэх нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын Shin Poong болон Celltrion компанийн төлөөлөгчдийн хэлснээр , өөрсдийн сервер дээр кибер халдлага үйлдсэн болохыг олж тогтоосон ч ноцтой хохирол учруулаагүй гэлээ.

Тэгвэл Умард Солонгосын хакерууд Оксфордын их сургуультай хамтран вакцин хөгжүүлж буй AstraZeneca компанийн эсрэг цахим халдлага үйлдсэн тухай Ройтерс агентлаг тодруулжээ. Хакерууд нийгмийн сүлжээ LinkedIn-ээр дамжуулан AstraZeneca-ийн ажилтнуудтай холбоо тогтоож, тэдэнд шинэ ажил санал болгох аргаар харилцагчийн компьютерт нэвтрэх код илгээж байжээ. Гэхдээ дээрх оролдлогууд нь амжилт олоогүй гэж Ройтерсийн эх сурвалжууд онцоллоо.