Японы шүүхээс 9 хүний амийг хөнөөсөн цуврал алуурчинд цаазаар авах ял оноожээ

Японы шүүхээс 9 хүний амийг хөнөөсөн цуврал алуурчинд цаазаар авах ял оноожээ

“Твиттер алуурчин” нэрээр алдаршсан япон эр есөн хүний амийг хөнөөсөн хэргээ өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр хүлээж байсан юм. Тэгвэл түүний хэргийг өнөөдөр хэлэлцэж цаазаар авах ял оноожээ. 29 настай Такахиро Ширайши нь 2017 онд баривчлагдсан бөгөөд түүний гэрээс нас барсан хүмүүсийн биеийн хэсэг олдож байсан юм. Ширайши твиттер хаягаар дамжуулан амиа хорлох хүсэлтэй хүмүүсийг байгаа болгож, “амиа хорлоход чинь тусална” гэж гэртээ дуудаж, хөнөөдөг байсан нь тогтоогдсон.

Амиа алдсан хохирогчдын найм нь эмэгтэй бөгөөд тэдний дунд 15 настай охин байсан юм. Харин нэг эрэгтэй хохирогч нь 20 настай бөгөөд түүний найз охин ч Ширайшигийн гарт амиа алджээ. 

Шүүх хурлын гол маргаан нь Ширайши хохирогчдыг өөрсдийнх нь зөвшөөрлөөр хөнөөсөн гэсэн үндэслэл байв. Гэсэн ч прокурорууд түүний хэргийг санаатайгаар үйлдсэн гэдэг дээр санал нийлсэн аж. 2018 онд буюу яллах дүгнэлт үйлдэхээс өмнө түүнд таван сарын турш сэтгэцийн шинжилгээ хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж дүгнэж байжээ. Ялтан Ширайши цаазаар авах шийдвэрт давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ хэргийн дараа Японы нийгмийн сүлжээгээр амиа хорлолттой холбоотой асуудлыг нэлээдгүй хөндөж, Засгийн газраас тусламж хэрэгтэй хүмүүст сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлж эхэлсэн юм.

Японд амиа хорлохыг дэмжсэн маш олон вэбсайт байдаг. Хэдийгээр вэбсайтуудын ихэнх нь өсвөр насны хүүхдүүдийн “дэггүйтэл” байдаг ч энэ хэрэг гарсны дараа эдгээр сайтыг шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Kyodo