Хойд Солонгос ОХУ-ын “Спутник V” вакциныг худалдан авчээ

Хойд Солонгос ОХУ-ын “Спутник V” вакциныг худалдан авчээ

БНАСУ ОХУ-ын “Спутник V” вакциныг худалдан авсан талаар Японы “Асахи” сонинд мэдээлжээ. Харин хэдий хэмжээний вакцин авсан, мөн хэзээнээс эхлэн иргэдийг вакцинжуулах талаар мэдээлэл тодорхойгүй хэвээр байна.

Тус улсын засгийн газар бүс нутагт нь коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдээлж буй. БНХАУ-д халдвар анх бүртгэгдэж, хэд хэдэн оронд тархаж эхлэх үеэр Хойд Солонгос хилээ хааж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, орон даяар хөл хорио тогтоон зөрчсөн иргэдийг торгох арга хэмжээг авч эхэлсэн.

Энэ хугацаанд хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдийг цаазаар авсан тухай мэдээллийг Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас мэдэгдсэн. Гэсэн ч Хойд Солонгосын талаас үүнийг үгүйсгэсээр байгаа.

ОХУ-ын вакцины хувьд 91,4 хувийн үр дүнтэй байгааг вакцин бүтээгчид мэдэгдээд буй. Одоогоор Бразил, Мексик, Филиппин, Арабын Нэгдсэн Эмират улсууд тус вакциныг авах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн юм. Харин Европын Холбооноос өөрийн гишүүн орнуудыг ОХУ-аас вакцин авахгүй байхыг анхааруулсан байна. Тэд "аюулгүй байдал нь тодорхойгүй, тогтоогдоогүй" вакциныг турших нь эрсдэлтэй гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: TASS