Машин дээр нь их хэмжээний цас овоолсноос болж 10 гаруй цагийг цасан дор өнгөрүүлжээ

Машин дээр нь их хэмжээний цас овоолсноос болж 10 гаруй цагийг цасан дор өнгөрүүлжээ

АНУ-ын Овего мужид их хэмжээний цас орж, шуурсны улмаас газар дээр 40 инч хэмжээтэй цас тогтжээ. Энэ үеэр Кевин Кресен гэгч эр гэрээсээ 15 милийн зайд машинтайгаа явж байх үед машиных нь хөдөлгүүр  зогсож замаас гарсан байна.

Тэрээр тусламж дуудахаар 911 руу залгасан ч амжилт олоогүй бөгөөд замын цасыг цэвэрлэж явсан анжис түүнийг харалгүй бүх цасыг түүний машин дээр овоолсон байна. Ингээд Кресен машинаасаа гарч чадалгүй 10 гаруй цагийг хүйтэн машиндаа өнгөрөөж, хөлдөж үхэхийн ирмэг дээр мужийн цагдаагийн түрүүч Жейсон Каули түүнийг олсон байна. Цагдаагийн түрүүч цас их орсон газруудад эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байх үедээ цасан бүрхүүлийн зарим хэсэг өндөр байгааг анзааржээ. Тэрээр өндөр байгаа хэсгийг шуудангийн хайрцгуудын эгнээ гэж бодсон ч цасыг ухаж эхэлсэн байна.  Ингээд удалгүй гар нь ямар нэгэн хатуу зүйлтэй тулахад машины цонх болохыг мэджээ. Энэ үед дотор байсан Кресен маш их баярласан бөгөөд түүнийг цагдаагийн ажилтан яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Түүний биед хөлдөлт явагдсан байсан учир эмнэлгийн ажилчид шуурхай арга хэмжээ авчээ.

Кресен  энэ тухайгаа хэвлэлд ярихдаа “хэрвээ түрүүч Каули намайг олоогүй бол дараагийн анжис гарч ирээд замын цасыг цэвэрлэж, машин маань нүдэнд харагдтал дахиад таван цаг өнгөрч магадгүй байсан байх. Харин тэр үед би хэдийн үхсэн байх болов уу” гэж ярьжээ. Харин түрүүч Каули “Ноён Кресен тусламж хүсч болох байшингаас холгүй байсан боловч байшин цагаан өнгөтэй байсан тул ялгарч харагдахгүй байсан” гэжээ.

Эх сурвалж: Insider