Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ

Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол бүжигчин залуу тэргүүн байр эзэлжээ. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр этник бүжгийн төрөлд украйн үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна.

Бүжигчин Б.Эрдэнэбаяр Ази тивийн орнуудын дунд зохион байгуулдаг Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Миний өрсөлдсөн төрөлд 200 гаруй бүжигчин бичлэгээ илгээж, хагас финалд 29 бүжигчин шалгарч үлдсэн.

Тэднээс сүүлчийн финалд таван бүжигчин шалгарсны нэг нь би байсан юм. Надаас бусад нь БНСУ-ын бүжигчид байсан. Миний хувьд энэ жилийн уралдаанд монгол ардын бүжгээрээ бус арай өөр төрлөөр оролцохыг хүсч, украйн үндэсний бүжгээр оролцсон нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголоос өмнө нь гурван ч бүжигчин энэ олон улсын дээд зэрэглэлийн  тэмцээнд орж, амжилт гаргаж байсан” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр Үндэсний урлагийн их театрт дөрвөн жил ажиллаж байгаад өнгөрөгч 2018 онд “UBS” телевизээс зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд бүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцах эрхээр шагнуулж, суралцаж байгаа ажээ.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ